Орон нутгийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-29 15:17:38

Сэлэнгэ аймгийн Аудитын газраас орон нутгийн хурлын сонгуулийн тойрогт нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг нам, эвсэл тус бүр 152 сая төгрөг, нэг нэр дэвшигчийнх тойрог тус бүрээр 16-37 сая төгрөгийн хооронд байхаар тогтоолоо.

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 41-р зүйлийн 3-т аймаг, нийслэл дэх Төрийн аудитын салбар байгууллага нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх  орон нутгийн хурлын сонгуулийн тойрогт нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнө тогтооно гэж заасан байдаг. УИХ-ын 1-р сарын 29-ний өдрийн 09-р тогтоолд УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2016 оны 6-р сарын 29-ний өдрөөр тогтоосон байгаа. Ийм учраас Сэлэнгэ аймгийн Аудитын газар нь хуульд заасны дагуу 3-р сарын 29-ний дотор  аймгийн ИТХ-ын сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох үүрэг хүлээжээ. Үүний дагуу тус байгууллагынхан тооцоо, судалгаа хийж дуусгаад 2016 онд аймгийн ИТХ-ын сонгуульд нам, эвсэл тус бүрийн зарцуулах зардлын дээд хэмжээг 152 сая төгрөг, нэг нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тойрог тус бүрээр 16-аас 37 сая төгрөгийн хооронд байхаар тогтоож, өнөөдөр аймгийн ИТХ-д хүргүүлжээ.

Аймгийн Аудитын газрын дарга Б.Энхтуяа”Өмнөх 2012 оны аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг аймгийн ИТХ-аар 50 сая төгрөгөөр тогтоож байсан юм байна лээ. Үүнийг яаж тогтоосон арга зүй нь бидэнд ирээгүй учир бид үүнд ач холбогдол өгөөгүй. Харин энэ удаагийн шинэчлэн батлагдсан сонгуулийн хуулиар бол зардлын дээд хэмжээг тогтоохдоо сонгуулийн тухай хуульд заасан шаардлага, хязгааруудыг тавьж өгснийг харгалзан үзсэн. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслийн, нэгжийн үйлчилгээнд судалгаа авч, тухайн тойрогт оршин суух өрх болоод сонгуулийн насны хүний тоо, газар нутгийн хэмжээ, 2012 оны сонгуульд намуудаас зарцуулсан зардлын хэмжээ зэрэг үзүүлэлтүүдийг үндэслээд энэ удаагийн сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоолоо. Тухайлбал сонгуулийн тухай хуулиар ухуулагч нарт цалин хөлс өгч ажиллуулахыг хориглосон. Сурталчилгааны хугацаа нэг сар байсныг 18 хоног болгон бууруулсан, телевизийн сурталчилгааны цагийг багасгасан зэрэг өмнөх 2012 оны орон нутгийн хурлын сонгуулийн зардлыг бууруулах хүчин зүйлүүд, мөн өсгөх хүчин зүйлүүд нь гэвэл үнэ тариф, ханшийн өөрчлөлтүүд орж байгаа. Энэ бүх нөлөөллүүдийг тооцож үзээд дээрх тоонуудыг гаргалаа. Иймээс энэ бол бодит тоо” хэмээн ярилаа.

Энэхүү сонгуулийн зардлын дээд хэмжээ нь аймаг бүрийн онцлогоос хамаарч аймаг тус бүр дээр өөр өөрөөр байхаар тогтоогдох юм байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Related news