Түдэвтэй сум газар тариалан эрхлэгчдээ дэмжин ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завханы Түдэвтэй сум газар тариалан эрхлэх хүсэлтэй иргэдэд өнгөрсөн жил 200 га, энэ онд 200 га газрыг тариалангийн зориулалтаар эзэмших эрхийг олгоод байна.
Үүний үр дүнд өнгөрсөн
жил малын тэжээлийг 30 га талбайд тарьсан бөгөөд цаашид 400 гаас 600 га талбайд
малын тэжээл тариалах ажлыг эхлүүлээд байна. Өнөөдрийн байдлаар суманд 20 гаруй
иргэн газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж сумынхаа иргэдийг өөрийн хөрсөнд
тарьсан төмс хүнсний ногоогоор хангаж байна. Зарим иргэд маань хөрш зэргэлдээ
сумдад хүнсний ногоогоо борлуулах ажлыг амжилттай хийж байна. Мөн манай сумын
хувьд малын тоо толгой өсөж, бэлчээрийн даац хэтэрсэн өнөө үед малын тоо
толгойг бэлчээрийн даацад тохируулан өсгөх малын үүлдэртэй, таваарлаг чанарыг
сайжруулах бодлого барьж ажиллаж байна. 2018-2022 он хүртэлх сумын бэлчээрийн
менежментийн төлөвлөгөөг Мерси кор олон улсын байгууллагатай хамтарч
боловсруулсан. Энэ төлөвлөгөөнд үндэслэн бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах
журмын төслийг боловсруулан малчид малаа тоонд биш чанарт нь анхаардаг болж
байгаа.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр
голын гүүрнүүдийг засварлажээ
Түдэвтэй суманд энэ жил орон
нутгийн хөгжлийн сангийн 58 сая 300 гаруй мянган төгрөг хуваарилсан. Сумын
ЗДТГ-аас иргэдээс санал аван эрэмбэлж орон нутгийн хөгжлийн сангийн
хөрөнгөөр ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх Гэр өргөөнд техник хэрэгсэл
авах, эрсдэлээс хамгаалах сан, малын эрүүл мэндийн цахим системд холбогдох
ажилд зарцуулахаар төлөвлөсөн байгаа. Мөн бага оврын ковш машинтай болсноор хогийн
цэгт хогийг түрж янзлах, малчдын өвөлжөө бууцыг түрэх, шаардлагатай үед
ашиглахаар худалдан авахаар болсон байна. Энэ онд сумын нэгдсэн хогийн цэгийг
багасгах, ачиж цэвэрлэх, тохижуулах ажлыг түлхүү хийнэ. Түүнчлэн сумын төвд
хүүхэд залуучуудад зориулсан спорт, тоглоомын талбайг байгуулахаар төлөвлөсөн. Өнгөрсөн
жил ОНХС-гийн 50.5 сая төгрөгийг мөн иргэдийнхээ саналын дагуу зарцуулсан
байгаа. Тухайлбал багийн төвгүй багуудад багийн төвийн барилга барих, сумын гал
унтраах сайн дурын багийнхныг галын үед хэрэглэх тоног төхөөрөмжөөр хангах, малын
тэжээл тариалах, Ар Улаагчин гол, Цоргын голын гүүрнүүдийг засварлаад байна. Мөн сумын төвийн гол замуудын тэмдэг,
тэмдэглэгээ, хаягжуулалтыг нэгдсэн болгож шинэчилж сумынхаа өнгө төрхийг
сайжруулаад байгаа.
Энэ жил улсын төсвийн 700 гаруй сая
төгрөгийн ажил хийнэ
Түдэвтэй суманд 2019 онд
улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 200 хүний суудалтай шинэ
Соёлын төв барина.
Түүнчлэн энэ онд улсын
төсвийн 700 гаруй сая төгрөгийн ажил хийнэ. Шинэ Соёлын төвтэй болно гэдэг
том хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, иргэдийн хүлээж байсан чухал ажил юм.
Мөн улсын төсвийн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар биеийн тамирын талбай
байгуулах гэж байгаа. Биеийн тамирын талбайг цэцэрлэгт хүрээлэнтэй нэгтгэж
хийхээр төлөвлөсөн. Эдгээр бүтээн байгуулалтууд сумын иргэдийн сэтгэлд нийцсэн
цогц асуудал болж шийдэгдэх байх. Цэцэрлэгт хүрээлэн дотроо бүжгийн талбайтай,
усан оргилууртай, бага насны хүүхдийн тоглоомын талбайтай, тойрсон засмал
замтай, сандал гэрэлтүүлэгтэй, дотроо худагтай, цэцгийн мандлууд, зүлэгтэй, 334
модыг тарьж ургуулах зураг төсөвтэй хийж байна. Орон нутгийн төсвөөс
цэцэрлэгт хүрээлэн доторх гүний худгийн асуудлыг шийдсэн байгаа. Энэ мэтчилэн
Түдэвтэй сумын хувьд 2019 онд бүтээн байгуулалтын олон ажил хийнэ.
Ингэснээр хөдөөгийн иргэдийн амьдрах тав тухтай орчин бүрдэж хөдөөгөөс хот руу
шилжих шилжилт хөдөлгөөн багасна хэмээн Түдэвтэй сумын ЗДТГ-аас тус тус мэдээлэв.