Байгаль орчныг хамгаалах зардлын судалгаа хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-29 19:27:37

Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газраас "Байгаль орчныг хамгаалах зардлын судалгаа"-г улсын хэмжээнд явуулахаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор Сэлэнгэ аймагт тус судалгааг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.

Тус судалгаанд улсын хэмжээнд нийт 1556 ААНБ, үүний дотор Сэлэнгэ аймгийн 29 ААНБ хамрагдаж байна. Эдгээр сонгогдсон ААНБ-ууд судалгааны ач холбогдол, зорилго, зорилтыг эрхэмлэн үзэж, судалгаандаа идэвхтэй, ач холбогдол өгч оролцохыг ерөнхий газраас анхааруулж байна.

Энэхүү судалгаа нь ”Монгол Улсын статистикийн салбарыг 2011-2015 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-т тусгагдсан Байгаль орчин, эдийн засгийн нэгдсэн данс байгуулах,  мэдээллийн эх үүсвэрийг бий болгох, туршилт тооцоо хийх, Монгол Улсын Их Хурлаар 2014 оны 6-р сард баталсан “Ногоон хөгжлийн бодлого”-ын шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох, НҮБ-ын Байгаль орчны статистикийг хөгжүүлэх үндсэн чиглэл (FDES-2013)-д зөвлөмж болгосон үзүүлэлтүүдийг бүрдүүлэх, ТХЗ-ын шалгуур үзүүлэлтүүдийг тооцох зэрэг үндсэн үзүүлэлтүүдийг шаардаж байгаа аж.

Судалгааны гол зорилго нь байгаль орчныг хамгаалах зардлыг байгаль орчны объект (агаар, ус, хөрс, ургамал, амьтан), эдийн засгийн салбаруудаар тодорхойлоход оршиж байгаа юм. Энэхүү судалгаанд орсоноор тухайн байгууллагын байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаа нь байгаль орчны ямар объектод чиглэж байгааг, мөн байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийхэд, түүнчлэн байгаль орчныг хамгаалах зардлын санхүүжилтэд үнэлгээ өгөхөд түлхэц өгч байгаагаараа ач холбогдолтой юм байна.

Тус судалгаа нь энэ сарын 31-ний өдрөөр дуусгавар болох ажээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Related news