Он гарсаар 19600 орчим зорчигчид үйлчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-06-19 23:10:34

Завхан /МОНЦАМЭ/. Он гарсаар Завханы 19600 орчим хүн "Жавхлант хийморь" хот хоорондын зорчигч тээврийн хоршооны автобусаар зорчжээ. Улиастайгаас-Улаанбаатар, Улаанбаатараас-Улиастай чиглэлд орон нутгийн зорчигч тээврийн хоршооны 15 том оврын автобус иргэдэд үйлчилжээ.

Өнгөрсөн онд тус хоршооны автобусаар 29000 орчим насанд хүрэгчид, 3000 орчим хүүхэд нийт 32000 иргэн үйлчлүүлсэн байна. "Жавхлант хийморь" хоршоо "Аюулгүй тээвэр-Амьдралын баталгаа" уриатайгаар өдөр бүр шуурхай найдвартай үйлчилгээг иргэдэд өгчээ. Харин энэ жил мөн л аюулгүй баталгаатай тохь тухтай автобусаар иргэддээ шуурхай, стандартын дагуу үйлчлэх зорилтыг тавьжээ.

Түүнчлэн энэ жил шинээр гурван автобусыг нэмж хот хоорондын шугамд гаргаж өдөр бүр 16.00 цагаас Улаанбаатар, Улиастайгаас үйлчилгээ үзүүлж буй аж. Ингэснээр автобусны шугамын нэг эргэлтийн амрах хугацаа уртасч жолооч нар хангалттай цагт амрах, автобуснуудад засвар үйлчилгээг хийх боломж илүү гарч байгаа гэв.

Өнөөдрийн байдлаар нэг автобус, хоёр жолооч сард хоёр удаа хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг үзүүлдэг байна. Түүнчлэн тус компанийн автобус аймгийнхаа цаг үеийн мэдээлэл бүхий тусгай хөтөлбөр, сард хоёр удаа тогтвортой хөгжлийн сургалтыг аймгийн ОНХМХ-той хамтран зорчигчдод өгдөг ажээ. Мөн Улаанбаатар хотын Хараацайн жигүүр, Завхан аймгийн Гранд автобус компаниуд Завханд хот хоорондын үйлчилгээг үзүүлдэг ажээ.

Номтой автобус хүүхдүүдэд зориулсан номтой болно

Завханы "Жавхлант хийморь" хоршооны хот хооронд явдаг ЗАН 06-00 улсын дугаартай автобус өнгөрсөн жилийн 11-р сараас эхлэн номын сантай болсноор тус автобусаар зорчих иргэдийн тоо нэмэгдсэн гэв.

“Номтой автобус” төслийг санаачлан хэрэгжүүлж буй төслийн хүрээнд зорчигчдод номын сангаар үйлчилж байгаа хоёр дахь аймаг төдийгүй уран зохиол, түүх, хүүхдийн, танин мэдэхүйн төрлийн 30 гаруй номтой автобусыг тохижуулж чаджээ. Иргэд тус автобусны хуваарийг харж заавал зорчих хүсэлтэйгээ илэрхийлж багагүй дугаарлалт үүсгэдэг байна. Мөн зарим  иргэд зорчигчид сайн дураараа ном хандивлаж одоогоор 60 гаруй номтой болоод байгаа талаар автобусны жолооч мэдээлэл өглөө.

Номтой автобус нь сард хоёр удаа Улиастайгаас-Улаанбаатар, Улаанбаатараас-Улиастайд зорчигч тээвэрлэдэг юм байна. Түүнчлэн хүүхдийн номуудаар фондоо баяжуулахгүй бол зорчигч хүүхдүүд хүүхдийн номыг их асууж сурагладаг. Одоогоор хүүхдийн номууд бага учраас зорчигч хүүхдүүдэд зориулж нэг цаг орчим хүүхэлдэйн кино зам зуур үзүүлдэг байна. Сонирхуулахад номтой автобус төслийг “Зориг сан” болон “Швейцарын хөгжлийн агентлаг”-ийн хамтарсан оюутны тэтгэлэгт хамрагдаж буй оюутнууд санаачилсан ажээ. Тэтгэлэгт тэнцсэн оюутнууд нь гарааны 250 мянган төгрөгөөрөө энэхүү төслийг эхлүүлжээ. Одоогийн байдлаар Дорнод, Завхан аймгийн хоёр автобусыг номын санжуулсан байна.

 

Related news