Бан Ги Мүн: Монгол Улс хамтын хөгжлийн ашиг тусыг хүртэж, хөгжин цэцэглэж чадна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-20 23:58:39
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн манай улсад хүрэлцэн ирээд байгаа билээ. Тэрбээр өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж, дэлхий дахинд тулгамдаад буй зарим асуудалд байр сууриа илэрхийллээ.  


-Энэ удаагийн Боао форумын Бага хурал “Шинэ эрин үе дэх хамтын хөгжил дэвшлийн төлөөх уялдаатай үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд болж байна. Улс орнуудын хамтын хөгжил дэвшил ямар ач холбогдолтой вэ? 


- НҮБ 2015 онд Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ыг батлан, дэлхийн улс орнууд үүнд дурдсан зорилтыг биелүүлэхээр ажиллаж байна. Хамтын хөгжил бүх хүнд хөгжиж дэвжих боломж олгодог онцлогтой. Энэ нь хэнийг ч ардаа бүү үлдээ гэсэн утгыг агуулж байгаа юм. 21-р зуун хүн төрөлхтөнд юу өгч чадахыг хүн бүр мэдрэх ёстой. Монгол Улс хамтын хөгжлийн ашиг тусыг хүртэж, энх тайван, хөгжил цэцэглэлтэд хүрч чадна.  

Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт харилцан хүндэтгэл, ойлголцолд тулгуурласан хамтын ажиллагаа гэдгийг мартаж болохгүй.

Хамтын хөгжил дэвшлийн хүчээр улс үндэстэн хооронд тогтвортой харилцаа бий болгох боломжтой. Гэвч сүүлийн жилүүдэд үндсэрхэг үзэл, худалдааны хориг газар авч байна. Аль нэг улсыг алагчлалгүй, бүгдтэй нь ижил тэнцүү нөхцөлөөр хийдэг худалдаа эрсдэлд орлоо. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш улс хоорондын худалдаа өргөжсөнөөр олон орон тэр дундаа баян чинээлэг болсон улсууд үр ашгийг нь илүүтэй хүртсэн. Гэвч үр ашгийг хамгийн их хүртсэн улс орон одоо олон талт худалдааг эсэргүүцэж байна. Боао форумын Улаанбаатарын Бага хурлаар бидний түгээх гол мессеж нь чөлөөт худалдааг дэмжих юм. Олон улсын хамтын нийгэмлэгт Ази тив чухал үүрэгтэй. Дэлхийн нийт хүн амын 60 хувь нь Азид амьдардаг. Иймд тогтвортой хөгжлийн гол хөдөлгүүрийн нэг байх боломжтой. Азийн орнууд эдийн засгийн хүчин чадлаараа тэргүүлдэг. Азийн орнуудын ДНБ-ний өсөлт ирээдүйд ч өндөр хэвээр байх болно. Гэвч цаг уурын өөрчлөлт гэх мэт сорилт Азийн орнуудад тулгарч байна.


-Таны бодлоор Азийн орнуудын бүс нутгийн интеграц, харилцан хамаарал ямар түвшинд байна вэ? Тэд нийтлэг эрх ашгийн төлөө нэгдэж чадаж байна уу?


-Азийн орнуудад эв нэгдэл, төвлөрсөн интеграц ажиглагддаггүйд би гайхдаг. 54 гишүүн оронтой Африкийн холбоо гэж бий. Арабын 23 орон нэгдэн, Арабын лийгийг байгуулсан. Европын холбоонд 28 орон гишүүнээр элссэн. Мөн АНУ, Канад болон Латин Америкийн орнууд ч өөрийн холбоотой. Харин Азид яагаад ийм механизм байдаггүй юм бол. АСЕАН-д Азийн 10 орон л нэгдсэн. Азийн удирдагчид эв нэгдэл, нягтрал, интеграцын талаар нухацтай бодох өдөр ирнэ гэдэгт итгэж байна. 


-Монгол бол далайд гарцгүй орон. Зарим хүн аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал бидний хаагдмал байдлыг арилгана гэж үздэг. Таны хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ? 


-Монгол бол далайд гарцгүй орон төдийгүй зарим газраараа цөлөрхөг учир олон асуудал тулгарч байна. Гэвч Монголд алт, нүүрс, зэс зэрэг маш их байгалийн баялаг байна. Энэ нь танай эдийн засгийн хөгжлийг хурдасгах том боломж. Монгол газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 18 дугаарт ордог ч, 3.5 сая хүн амтай учир дэд бүтцээ ухаалгаар хөгжүүлэх хэрэгтэй.

Дэд бүтэц муу байвал хөрөнгө оруулагчдыг татаж чадахгүй.

Түүнээс гадна ОХУ, БНХАУ-аас өөр бусад улсуудтай ч харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэрэгтэй. Япон, Өмнөд, Хойд Солонгос, Монгол, Хятад, Орос агаар, орчны бохирдлыг бууруулахад хамтын хүчээ нэгтгэх хэрэгтэй. НҮБ-ын Ази, номхон далайн нийгэм, эдийн засгийн комисс энэ оны 5 сарын 31-ний өдөр агаарын бохирдлын асуудлыг шийдэхэд Ази, Номхон далайн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх нэгдсэн зөвшилцөлд хүрч, тогтоол баталсан. Улс орнуудын тэргүүн нар болон холбогдох сайдууд энэ тогтоолын хэрэгжилтийг хангахын төлөө хамтран ажиллана гэдэгт найдаж байна. Үүнтэй холбогдуулан, агаарын бохирдлын асуудлыг шийдэхэд чиглэсэн олон улсын форумыг ирэх 11дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэ арга хэмжээний урилгыг би Байгаль орчны сайдад хүргүүлсэн. Монгол Улс энэхүү арга хэмжээнд сайдын түвшинд төлөөлөгчөө оролцуулах талаар мөн Гадаад хэргийн сайдтай ярилцсан. 


-Та 10 гаруй жилийн турш НҮБ-ыг даргалсан. Таныг удирдаж байх хугацаанаас хойш дэлхийн улс төр, эдийн засаг олон улсын харилцаанд гарч буй өөрчлөлтийг та хэрхэн үзэж байна вэ? 


-Миний анзаарснаар, хамгийн томоохон өөрчлөлтүүдийн нэг бол дэлхий улам бүр хуваагдмал болж байна.

Үндсэрхэг үзэл, нэг талт байдал, худалдааны хоригийн тухай ярьж байгаа нь үнэхээр сэтгэл зовоож байна.

Тиймээс би дэлхийн улсуудын удирдагч нараас дэлхий дахины тогтвортой ирээдүйн тухай бодож үзэхийг хүсэж байна. Дэлхийн хамтын нийгэмлэг эдийн засаг болон нийгмийн интеграцыг өнөөдрийн түвшинд барьж байна. Олон талт хамтын ажиллагааны үр дүнд дэлхийн улс орнууд жижиг, томоосоо үл хамааран НҮБ-ын дүрэмд тусгасан суурь зарчимд хөтлөгдөн урагшилж байгаа юм. Бидний амьдарч буй дэлхий жижигхэн. Хүмүүс хүссэн улс руугаа чөлөөтэй зорчих эрхтэй байх нь зөв. Яг л Европын холбооны 23 гишүүний иргэд хоорондоо чөлөөтэй аялдаг шиг. Гэвч виз гэх мэт хаалт байсаар л байна. Уг нь бид нэг том гэр бүл шүү дээ. Чөлөөт худалдаанаас хамгийн их ашиг олж, баян чинээлэг болсон улсууд бусад орнуудыг хүндлээсэй, энэ талаар эргэцүүлээсэй. Дэлхийн иргэний тухай бодоосой. Монголчууд мөн л агаарын бохирдлын улмаас ихээхэн хохирч байна. Тоосжилт маш их байгаа тул Монголоос хийсэн ирэх шороон шуурга, тоосноос бид хэрхэн хамгаалах талаар ярилцдаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд Зүүн Хойд Азийн орнууд илүү нягт хамтран ажиллах шаардлагатай. Өнгөрсөн онд “Зүүн Хойд Азийн цэвэр агаар түншлэл” байгуулсанд баяртай байгаа.

Related news