Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 150 хүртэл толгой малтай өрхийг хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-04-07 08:40:40

Ховд аймгийн Хөдөө аж ахуйн газар, Ховд Орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран Залуу малчдын зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, аймгийн 17 сум тус бүрээс нийт 50 гаруй малчин залуучууд оролцлоо.

Залуу малчдад аймаг орон нутгийн хөгжил, дэвшил, бүтээн байгуулалтын талаар аймгийн удирдлагууд мэдээлэл хийж, Мал аж ахуйн салбарын өнөөгийн зорилт, малын чанар сайжруулах, үржлийн ажлын 2016 оны зорилтын талаар  мэдээлэл хийж, эдгээр мэдээлэлтэй холбогдуулан малчдын санал бодлыг сонслоо.

Энэ үеэр аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга мэргэжилтнүүд малчдын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгалд хамрагдахын ач холбогдлыг танилцууллаа.

Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр болох малжуулах арга хэмжээнд хөдөлмөрийн чадвартай, 35 хүртэлх насны хоёроос доошгүй гишүүнтэй, бог малд шилжүүлснээр 150 хүртэл толгой малтай малчин өрхийг хамруулах аж. Энэ арга хэмжээнд хамрагдах малчин өрх 100 хүртэл толгой малтай бол 5,0 сая төгрөг, 100-150 хүртэл толгой малтай бол 4,0 сая төгрөгийн мал худалдан авах арга хэмжээг аймгийн Хөдөлмөрийн хэлтэс зохион байгуулна гэж зөвлөлдөх уулзалтад оролцогчдод мэдээллээ.

А.Бямбасүрэн

 

Related news