Эрдэмтдийн тавьсан илтгэлүүдийг нэгтгэн ном хэвлэн гаргаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-09-25 15:54:56
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн музей түүхт 70 жилийн ойгоо энэ сарын 20,21-нд тэмдэглэн өнгөрүүлж, тус ойн үйл ажиллагааны хүрээнд Эрдэм шинжилгээний бага хурал  зохион байгуулжээ.

Эрдэм шинжилгээний бага хурлыг аймгийнхаа түүх соёлын судалгааг өргөжүүлэх, тулгамдаж байгаа асуудлыг шийдэх, сурталчилах зорилгоор 2018 оноос зохион байгуулж, жил бүрийн  илтгэлүүдээ нэгтгэн ном гаргаж байгаа ажээ.

Энэ жилийн Эрдэм шинжилгээний бага хуралд БСШУЯ-ны харьяа Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат , ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн Сээр нуруутны палеонтологийн салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан, докторант Б.Майнбаяр, МУБИС-ийн түүхийн тэнхимийн багш доктор, дэд профессор Ч.Болдбаатар, Монголын Үндэсний музейн ажилтан Д.Сүхбаатар, Т.Түвшинжаргал, Ч.Баяндэлгэр, МУБИС-ийн Монголын түүхийн тэнхимийн багш Ж.Гэрэлбадрах, МБШТ-ийн Гандантэгчилэн хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн ажилтан Н.Амгалан нарын эрдэмтэд сонирхолтой илтгэлүүд тавьж, хэлэлцүүлжээ.

Тухайлбал, Г.Энхбат “Дундговь аймгийн  соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн чадавхи”,   Б.Майнбаяр “Дундговь аймгийн нутагт  явуулсан  палеонтологийн судалгааны тойм”, Ж.Гэрэлбадрах  “Дундговь аймгийн музейд буй хошууны нутгийн хоёр зураг” сэдвүүдээр илтгэсэн бол, Монголын Үндэсний музейн ажилтан Д.Сүхбаатар, Т.Түвшинжаргал, Ч.Баяндэлгэр нар “Дэл уулнаас шинээр илрүүлсэн зураасан зургийн дурсгал сэдвээр илтгэжээ.

Харин доктор Ч.Болдбаатар Дундговь аймгийн харьяат, түүхийн багш Х.Чунтын хувийн цуглуулгад үндэслэн “Дундговь аймгийн нутгаас олдсон түүвэр олдворын тухайд” сэдвээр илтгэж, МБШТ-ийн Гандантэгчилэн хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн ажилтан Н.Амгалан “Лувсанминжүүрдорж \1865-1937\ ламтны сүмбүм зохиол дахь эрдэмтэн лам нарын намтарын мэдээ” сэдвээр илтгэсэн нь оролцогчдын сонирхлыг татжээ.

Эрдэмтдийн тавьсан дээрх илтгэлүүд нь “Дундговь судлал-2018” номын үргэлжлэл болон хэвлэгдэн гарах ажээ. 

Related news