Завханд галт зэвсгийн тооллого явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-09-27 14:51:50

Завхан /МОНЦАМЭ/. Завханд “Галт зэвсэг” нэгдсэн арга хэмжээг явуулж эхэлсэнтэй холбоотой иргэдийг өөрийн эзэмшлийн галт зэвсгээ Цагдаагийн газарт ирж бүртгүүлэхийг аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.

Энэхүү арга хэмжээг Галт зэвсгийн тухай хууль, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2015 оны А/220 дугаар тушаалаар батлагдсан “Галт зэвсгийн тооллого явуулах журам”-д заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллогыг явуулж байгаа аж.

Тооллого 9 дүгээр сарын 20-ний өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаанд галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Иймд иргэд олон нийт та бүхэн галт зэвсгийн тооллогод идэвхтэй хамрагдаж эзэмшил, өмчлөлд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээ харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад заасан хугацаанд бүртгүүлж, хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхийг уриалж байна.

Өмнөх гурван жилийн тооллогыг Монгол Улсын хэмжээнд авч үзвэл 2016 онд нийт галт зэвсэг эзэмшигчдийн 70.6 хувь нь, 2017 онд 78.1 хувь нь, өнгөрсөн 2018 онд 94.7 хувьтай тооллогод хамрагдаж дүгнүүлсэн байна. Энэ нь жилээс жилд өссөн үзүүлэлттэй байгаа нь иргэд хуулийн дагуу үүргээ биелүүлж байгаа нь харагдаж байна. Гэсэн хэдий ч хэрэв иргэн та заасан хугацаанд галт зэвсгээ бүртгэлд хамруулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно хэмээн аймгийн Цагдаагийн газраас дуулгав.

Ташрамд дуулгахад, Завхан аймагт 2679 галт зэвсэг эзэмшигч 2017 онд бүртгэгдсэнээс 2018 онд 2576 буу эзэмшигч бүртгэгдэж 103-аар нэмэгдсэн байна. 

Related news