“Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны анхдугаар чуулга уулзалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Монгол цэргийн нэгдсэн холбоо” Сэлэнгэ аймагт салбар хороогоо байгуулж, тус аймаг дахь тэргүүнээр аймгийн Засаг дарга Ш.Оргилыг сонголоо.
“Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны орон нутгийн салбар холбоог байгуулснаар Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын дархлаа, үнэт зүйлс, орон нутгийн хөгжлийн асуудлыг хүүхэд залуучуудад таниулан ойлгуулах, төлөвшүүлэх, эх оронч үзэл санааг суулгаж өгөхөд гол зорилго нь чиглэгдэж байгаа аж. Энэхүү ажлын хүрээнд “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны анхдугаар чуулга уулзалтыг энэ сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймагт анх удаа зохион байгууллаа.
Чуулга уулзалтад аймгийн Засаг дарга Ш.Оргил, “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Цогтсугар, Жагсаалын дарга, бага дарга нарын холбооны төлөөлөл С.Цогтсайхан, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга хошууч Т.Сүхбаатар, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид, аймагт үйл ажиллагаа явуулж буй үндэсний аюулгүй байдлыг хангах, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага, бие бүрэлдэхүүн, чөлөөнд байгаа ахмад дайчид, залуу үеийн төлөөлөл, орон нутгийн иргэдийн төлөөлөл нийт 400 гаруй хүн оролцлоо.
Тус чуулганаар “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны Сэлэнгэ аймаг дахь тэргүүнийг сонгох ажлыг аймгийн ахмадын хорооны дарга, бэлтгэл дэд хурандаа Р.Ганхуяг удирдан явуулж, нийт оролцогчдын 100 хувийн саналаар “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны Сэлэнгэ аймаг дахь тэргүүнээр аймгийн Засаг дарга Ш.Оргилыг сонгон тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хошууч генерал Р.Сүхбат холбооны туг, батламжийг гардуулан өглөө.
Аймгийн Засаг дарга албан тушаалынхаа хүрээнд "аймгийн
хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн дарга, аймгийн онцгой комиссын
дарга" зэрэг ажлыг хашиж байдаг нь Монгол цэргийн нэгдсэн холбооны Сэлэнгэ
аймаг дахь салбарын тэргүүнээр томилогдоход гол хүчин зүйл болж
байгаа аж. Тус
чуулганы үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан төрийн болон цэргийн байгууллагын алба хаагч нарт
Монгол Улсын Ерөнхий сайдын дурсгалын бугуйн цаг, Батлан хамгаалахын сайдын
дурсгалын бугуйн цаг, Батлан хамгаалах яам болон Хил хамгаалах ерөнхий газрын
нэрэмжит шагналыг гардууллаа.
Чуулга уулзалтын төгсгөлд Цэргийн дуу бүжгийн
эрдмийн чуулга, “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчдийн хамтарсан урлагийн
тоглолтыг зочид төлөөлөгч,бие бүрэлдэхүүн үзэж сонирхлоо.
