Утаа гаргадаггүй усан шүүлтүүртэй янданг уурын зуухуудад суурилуулж эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймагт Дулаан үйлдвэрлэх, түгээх тусгай зөвшөөрөлтэй 25 аж ахуйн нэгж байгаагаас 20 компани хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 12 ААН нь аймгийн төвд ажилладаг аж.
Тус компаниуд өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээнийхээ талаар зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэгт оролцлоо. Хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Засаг даргын орлогч Б.Батсуурь, Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга Д.Мөнхжаргал, МХГ-ын холбогдох улсын байцаагчид болон дулаан үйлдвэрлэгч ААН-үүдийн төлөөлөл оролцсон байна.
Эдгээр уурын зуухнууд нь 1970-1980 онд баригдаж ашиглалтад орсон бөгөөд Баянхонгор аймагт 35МВТ хүчин чадалтай Дулааны станц барихтай холбогдуулан дулааны үйлдвэрүүд ажил байдалдаа дорвитой засвар үйлчилгээ хийхгүй, зөвхөн урсгал засвар хийж хүлээлтийн байдалтай ажиллаж байгаа аж. Мөн сүүлийн жилүүдэд барьж буй барилга байшинтай холбогдуулан дулааны үйлдвэрлэлийг зохистой явуулахад нэлээд хүндрэл учирч байгааг албаныхан хэлж байна. Учир нь байр орон сууц барихдаа барилгын компаниуд дулааны эх үүсвэрээ яаж шийдэхээ тооцоололгүй ажлаа эхлүүлдэг аж. Ойрын уурын зууханд холбоё гэтэл ачаалал хэтэрсэн, дахин нэмж байр орон сууцыг халаах боломжгүй байдаг зэрэг асуудал цөөнгүй гардаг болжээ.
Баянхонгор аймгийн удирдлагууд дулаан үйлдвэрлэгчидтэй өмнө нь зөвшилцөж, ярилцаж байсан удаагүй. Олон асуудлыг ил болгон тавьж, хэрхэн шийдвэрлэхээ зөвлөлдсөн тус уулзалтын хүрээнд Баянхонгор хотын инженерийн шугам сүлжээний ерөнхий зураг төсвийг ойрын хугацаанд хийж, ИТХ-ын ээлжит хуралдаанаар батлуулах нь зүйтэй хэмээн үзэв. Мөн шинээр барьж байгаа орон сууцуудыг уурын зууханд хэрхэн зөв холбох, ачаалал хэтэрсэн үйлдвэрт нэмэлт ачаалал өгөхгүй байх, мөн хүчин чадал нь илүү гарч байгаа атлаа аль нэг орон сууцуудыг нэмэлтээр холбож халаалт өгөхгүй гэж тодорхойгүй шалтгаанаар цааргалсан зарим ААН-д хариуцлага тооцох журмыг боловсруулахаар шийдвэрлэжээ.
Түүнээс гадна "Шинэ төгөл" зэрэг зарим газарт шинээр уурын зуух барих шаардлагатай эсэхийг ажлын хэсэг байгуулж судлан үзэх, "Утаагүй Баянхонгор" төслийн хүрээнд уурын зуухнуудын байгаль орчинд нөлөөлөх эрсдэлийн үнэлгээг энэ жил хийх, утаа гаргадаггүй усан шүүлтүүртэй янданг уурын зуухуудад суурилуулж эхлэх зэрэг зарчмын саналуудад санал нэгдсэн байна.