"Эко" сургууль, цэцэрлэгүүд шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн БОАЖГ-аас “Эко сургууль, цэцэрлэг" болзолт уралдааныг 15 суманд зарлаж дүнгээ гаргажээ.
Тус уралдаанд долоон сумын 10 сургууль, цэцэрлэг, хоёр иргэн, нэг эко клуб тайлангаа ирүүлсэн аж.
Уралдааны зургаан сарын хугацаанд дээрх байгууллагууд сурагчид, эцэг эх, багш нарт сургалт зохион байгуулж, 935 хүнийг хамруулсан бөгөөд 983 м2 талбайд зүлэг суулгаж, 161 мандлыг цэцэгжүүлэн, 1182 ширхэг тасалгааны цэцэг тарьж, 1616 ширхэг мод суулган, 63 ширхэг ангилан ялгах хогийн сав байршуулжээ.
Өндөршил, Хулд сумын хүүхдийн цэцэрлэг даавуун тор, даавуун улавч хэрэглэж хэвшсэн бол Өндөршил сумын цэцэрлэг "Мини" цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ.
Харин Баянжаргалан сумын сургууль хаягдал батерейг цуглуулах сав байрлуулж, хаягдал хог ашиглан хогийн сав хийж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор олон нэр төрлийн мандлын цэцэг, зүлэг мод тарьж, анги бүрийг цэцэгжүүлсэн төдийгүй ногоон байгууламжийн төлөвлөлт хийжээ.
Баянжаргалан сумын цэцэрлэг бага насны хүүхдүүдэд зориулсан усалгааны багаж хэрэгсэл агуулах байр шинээр байгуулсан байна.
Тус уралдаанд Өндөршил сумын цэцэрлэг түрүүлж, Баянжаргалан сумын сургууль, Сайхан-Овоо сумын цэцэрлэг удаах байруудыг эзэлж, бусдыгаа хошуучилсан ажээ.
Багш нараас Баянжаргалан сумын багш Б.Сампилноров, Эрдэнэдалай сумын сургуулийн "Rainbow" клуб тус тус шалгарчээ.



