Ардын авьяастан морин хуурчдыг шалгаруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМорин хуурын олон улсын V наадам ирэх сарын 3-7-нд Улаанбаатар хотноо болно.
2008 оноос хойш хоёр жил тутам зохион байгуулж буй тус наадмын хүрээнд морин хуур ба икэл хөгжмийн нутгийн онцлогтой ая дан, устаж үгүй болох гэж буй ховор содон хуурын татлагыг олон нийтэд толилуулж, мэргэжлийн хөгжимчид, хөдөө орон нутгийн соёлын өв тээгчдийн хооронд туршлага солилцох, урын сангаа харилцан баяжуулах, уламжлан өвлүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг дэмжих уулзалт, тоглолтыг зохион байгуулах юм.
Наадамд Монголын морин хуурчдаас гадна Япон, АНУ, БНСУ, ХБНГУ, БНФУ, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад, Халимаг, Тувагийн морин хуурчид, чуулга хамтлаг, эрдэмтэн судлаачид жил бүр оролцдог.
Монгол орны өнцөг булан бүрээс ардын авьяастан хуурчид, ихэл хөгжимчид өөрийн товч танилцуулга, холбоо барих хаягаа энэ сарын 21-ний дотор heritage@artscouncil.mn хаягаар илгээх боломжтой.
Тус наадмыг Дэлхийн морин хуурын холбоо, Ихэл сан, Морин хуур төв, Монгол туургатны соёл эрдэм шинжилгээний сан, Морин хуур урлаачдын холбоо, Монголын Урлагийн Зөвлөл, Улсын филармони, ҮДБЭЧ, СУИС, ХБК хамтран зохион байгуулна.
Ж.Болор