Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг таван удаа боловсруулан хэрэгжүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл Улаанбаатар хотыг үүсгэн байгуулсны 380 жилийн ой маргааш буюу энэ сарын 29-нд тохионо. Энэхүү тэмдэглэлт өдрийн тохиолдуулан “Хот байгуулалтын түүхэн үйл явц, өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо.
1639 онд өндөр гэгээн Занабазарыг Анхдугаар Богдод өргөмжлөн одоогийн Өвөрхангай аймгийн Бүрэг сумын нутагт төрийн их ёслол үйлдэн, түүнд зориулж орд өргөө байгуулсан нь өнөөгийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг. Харин тухайн үеийн нийгэм улс төр, байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан Өндөр гэгээний орд өргөөг 1778 онд нүүлгэн шилжүүлж өнөөгийн суурьшлыг олжээ. Энэ хугацаанд нийслэл хот маань Өргөө, Их хүрээ, Нийслэл хүрээ зэргээр нэрлэгдэж монголчуудын төр, нийгэм, эдийн засаг, соёл, шашны төв байсаар ирсэн. Харин 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж Бүгд найрамдах засгийг тунхаглахад Монгол Улсын нийслэл Улаанбаатар хэмээн нэрлэх болсон аж.
Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954, 1961, 1975, 1986, 2002 онд нийт таван удаа боловсруулан хэрэгжүүлжээ. Харин одоо Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн хэтийн зорилтыг боловсруулах ажлыг эхлүүлээд байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан: “Юуны өмнө нийслэлийнхэндээ, нийт ард түмэндээ Улаанбаатар хотын түүхт 380 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Олон зуун жилийн түүхтэй нийслэл хотын маань өнгөрсөн, ирээдүй, одоо цагийн зангилаан дээр олон асуудал өрнөж байдаг. Тиймээс хотынхоо түүхийн үнэт зүйлсийг сэргээх, хүүхэд залуучууддаа сурталчлан таниулах нь чухал. Хотын үнэт зүйл түүхэн дээр тогтож байдаг учир энэ хугацаанд нийслэл хот хэрхэн хөгжсөн, цаашид юуг зорьж байгааг эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэлэлцэх учиртай. Бүс нутагтаа төдийгүй олон улсад хүний хөгжил, хот төлөвлөлт, бодлого шийдлээрээ өрсөлдөхүйц хэмжээнд хүрч хөгжих хэрэгтэй. Энэ хүрээнд 2040 он хүртэл хөгжлийн төлөвлөгөөгөө 2030 он хүртэлх хэтийн зорилтоо боловсруулж байна” гэлээ.
Монгол Улсын Зөвлөх архитектор, aкадемич Д.Хайсамбуу: “Таван удаагийн ерөнхий төлөвлөлтийн үр дүн тааруу байлаа. XXI зуунд аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, хиймэл оюун ухаан, техник технологийн өндөр түвшний сургалтын материаллаг баазтай болж, хот төлөвлөлтийн мэргэжилтнээ бэлтгэх хэрэгтэй байна. 1950-аад онтой харьцуулбал Улаанбаатар хот их өөрчлөгдсөн. Их өндөр сайхан байшин барихдаа гол нь биш юм. Хотыг ингэж барилгажуулж болохгүй. Адаглаад барилга байгууламжийн хоорондын зайн асуудал байна. Том том хорооллуудад ороход гишгэх газар байдаггүй. Улаанбаатар хотыг 1950-аад онд анх төлөвлөхдөө 600 мянган оршин суугчтай байхаар төлөвлөсөн. 1970 онд нийслэлийн хүн ам 130 мянгаар өссөн байсан. Яам тамгын газраас эхлээд цэргийн анги, шорон гяндан зэрэг бүх байгууламжийг нийслэлд төвлөрүүлсэн нь 1960-аад оны Засгийн газрын алдаа” хэмээв.
Өдгөө Улаанбаатар хотод 1.46 сая хүн буюу манай улсын нийт хүн амын 46 хувь амьдран суудаг. Түүнчлэн их дээд сургуулийн 95 хувь, ЕБС-ийн 31 хувь, цэцэрлэгийн 46 хувь, нийт ААН-ийн 67 хувь Улаанбаатар хотод бүртгэлтэй байгаагаас гадна ДНБ-ий 64 хувь, нийт зээлийн 77 хувь нийслэл хотод ногдож байна.