Хилийн цэргийн ангийн цэцэрлэгийн бүлгийг бүрэн тохижуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-11-06 21:21:01

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Баянтэс сумын Зайгал багийн хилийн цэргийн заставын цэцэрлэгийн салбар бүлгийг тохижуулжээ.

Хилийн цэргийн офицер албан хаагчдын ажил хөдөлмөрийн онцлогоос шалтгаалан тэдний хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох зорилгоор өнгөрсөн хавар цэцэрлэгийн бүлэг нэмж ажиллуулж эхэлжээ. Тус бүлэгт хүмүүжиж буй 30 гаруй хүүхдүүдийг тав тухтай орчинд хөгжих боломжийг нь хангах зорилгоор аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас тохижуулах сайн дурын аян өрнүүлжээ.

Ийнхүү тухайн бүлгийг хилийн заставын жишиг бүлэг болгохоор шийдвэрлэж сайн дурын аянд аймгийн сургуулийн өмнөх боловсролын багш ажилтан, хувь хүмүүс нэгдэж цэцэрлэгийн нэг бүлэгт байх шаардлагатай бүхий л эд зүйлийг хуваарилан бэлтгэснээр 8,6 сая төгрөгийн эд зүйлийг цуглуулан хүлээлгэн өгчээ.

Ташрамд, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 84 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улс, ОХУ-ын Тува улсын хилийн заставууд дээр харьяа сумын цэцэрлэгүүдийн салбар бүлэг байгуулах зорилт тавьжээ. Завхан аймгийн тухайд Тэс сумын Нисэг, Баянтэс сумын Хачиг, Зайгал багийн нутагт орших Хилийн цэргийн заставууд дээр цэцэрлэгийн салбар бүлгийг байгуулан ажиллаж байна. Эдгээр салбар бүлгүүдэд 60 гаруй хүүхэд хүмүүжиж байна.

 

Хүүхдүүдийн ая тухтай хүмүүжих орчныг

бүрдүүлж өгч чадлаа

Завханы Боловсрол, соёл урлагийн газрын санаачилгаар Зайгал багийн нутаг дахь хилийн цэргийн цэцэрлэгийн салбар бүлгийг тохижуулах аянд цугларсан эд зүйлийг хүргэх үйл ажиллагааг аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа хариуцан дэмжлэг туслалцаа үзүүлсэн хэмээн БСУГ-аас мэдээлэв.

Хилийн цэргийн ангийн даргын цэцэрлэгийн бүлэгт гарган өгсөн өрөөг засварлаж, тохижуулахаар БСУГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэгт Сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн, Улиастай сумын хоёр, тав, наймдугаар цэцэрлэгийн эрхлэгч, Улиастай сумын найман цэцэрлэгийн харуул хамгаалалтын ажилтнууд, Баянтэс сумын цэцэрлэгийн эрхлэгч, ажилтнууд хамтран ажиллаж салбар бүлгийг тохижуулах ажлыг өөрсдийн хүчээр хийгээд байна. Ажлын хэсэг бүлгийн өрөөний засварыг бүрэн хийж дулаалан тохижуулсан. Мөн хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалалттай зуухыг байрлуулж өгчээ. Хүүхдийн гар нүүрийн зориулалтын угаалтуурыг иж бүрэн тохижуулжээ. Бүлгийн хүүхдийн тоогоор гудас хөнжлийг ууттай нь хамт шинээр бэлтгэж өгсөн. Мөн бүлэгт тоглоомын тавиур, хөгжим, угаалгын машин, тоос сорогч, хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх тоглоомууд, үлгэрийн болон будах номууд, зурагт ширээ сандлыг байрлуулан хүүхэд амрах чөлөөт буланг байрлуулж, урлан бүтээхүйн хөгжлийн төвийг байрлууллаа. Түүнчлэн хүүхдүүдэд зориулан дотор ашиглагдах био 00, угаалтуур, угаалгын машин, тоос сорогч гэх зэргээр бүрэн тохижуулж өгсөн байгаа. Цэцэрлэгийн бүлгийн гадна хашааны хайсыг тусгаарлаж хүүхдийн сонирхол татахуйцаар будаж тохижуулаад байна.

Мөн хүүхэд тоглох талбай, элсний талбай, хүүхдийн өндөр хэмжигч хийж байршууллаа. Хүүхдийн тоглоомын талбайд хөлөгт тоглоомын хэсэг байгуулан модны тайрдас ашиглан тухтай сандал, тоглоомыг өөрсдийн гараар хийж өглөө. Мөн Баянтэс сумын цэцэрлэгээс гал тогооны гэрийг барьж тохижуулан бусад засварын үйл ажиллагаанд хамтран оролцлоо. Гал тогооны зориулалтаар барьсан гэрт плитка, хөлдөөгч, угаалтуур, аяга халбага, сав суулга, тавиурыг байрлуулан тохижуулсан. Үүний үр дүнд цэцэрлэгийн орчны стандартын шаардлага хангасан эрүүл аюулгүй тохилог орчныг бүрдүүлж өгсөн байгаа хэмээн аймгийн БСУГ-ын мэргэжилтэн Д.Сарангэрэл нэмж мэдээлэв.



Related news