Завханд аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэж ажилгүйдэл буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завхан
аймагт аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл зургаан тэрбум 943.9 сая төгрөг
болж, өнгөрсөн оноос хоёр дахин өссөн тухай мэдээллийг аймгийн Статистикийн
хэлтсээс өглөө.
Энэ жил нийт үйлдвэрлэлээс аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл нь 10191.2 сая төгрөг, иргэдийн үйлдвэрлэл нь 6752.7 сая төгрөг болсон байна. Хүнсний үйлдвэрлэл тэр дундаа мах боловсруулах үйлдвэрлэл өссөн дүнтэй байна. Модон эдлэл, хувцас эдлэл, арьс шир, эсгий эдлэлийн үйлдвэрлэл нийт үйлдвэрлэлд массаар буюу хувь хэмжээгээр илүү байна. Мөн цахилгаан, дулаан, усан хангамжийн үйлдвэрлэлийн эзлэх хувь өндөр байна.
Аймгийн аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хувийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс гадна, аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүний тоо хэмжээ, чанараас шалтгаалан эрэлт өндөртэй, үйлдвэрлэл жил бүр өсөлттэй гарч байгаа нь сайшаалтай. Түүнчлэн орон нутгийн иргэд тухайн орон нутагтаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг авч хэрэглэх хэрэгцээ, эрэлт нь ихэссэн. Ялангуяа хүнсний болон боловсруулсан махан бүтээгдэхүүн, газар тариалангийн үйлдвэрлэл, эсгий эдлэл, арьс ширэн бүтээгдэхүүний борлуулалтын хувь өндөр байна. Боловсруулах аж үйлдвэр болох монгол гутал үйлдвэрлэл гэхэд 879 хос монгол гутлыг үйлдвэрлэсэн байна. Түүнчлэн монгол дээл үйлдвэрлэлийн тоо хэмжээ сүүлийн хоёр жилтэй харьцуулахад хоёр дахин өссөн дүнтэй байна.
Ийнхүү жижиг дунд үйлдвэрлэл өсөж буй нь ажилгүйдлийг
бууруулахад эерэг нөлөө үзүүлсэн нь статистик мэдээллээс харагдаж байна.
Тухайлбал аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил
идэвхтэй хайж байгаа ажилгүй хүний тоо өнөөдрийн байдлаар 645 болж, өнгөрсөн
оны мөн үеэс 7.5 хувиар буюу 52 хүнээр буурсан байна. 2019 оны 10 сарын
байдлаар бүртгүүлсэн ажил идэвхтэй хайж байгаа ажилгүйчүүдийн тоо өмнөх 4
жилийн дунджаас 30.8 хувиар буюу 287 хүнээр буурсан байна хэмээн Статистикийн
газраас тус тус мэдээлэв.