Завханы хойд бүсийн таван сум нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-11-16 22:52:56

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Тосонцэнгэл-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай авто замын ажлыг улсын комисс хүлээн авч нээлтээ хийлээ.

Тосонцэнгэл-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай авто замыг хүлээн авах нээлтэд Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Завхан аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, Засаг дарга Д.Батсайхан, ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Ц.Эрдэнэ-Очир, “Лунзиан роуд энд бридж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Луан Чин Жи, “MCPCgr” ХХК-ийн ерөнхий инженер Ш.Тэгшээ нарын албаны хүмүүс, иргэд оролцжээ.

Тус авто замын зураг төслийг “Аварга зам” ХХК, зөвлөх үйлчилгээг “MCPCgr” ХХК тус тус хийж, зам барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Монгол ЛЗ зам гүүр” ХХК ажиллажээ. Замыг 660 сая юанийн концессын гэрээгээр 1.6 жилийн хугацаанд барьжээ. Авто зам нийт нь 11 метрийн өргөнтэй, найман метрийн өргөн асфальт бетон хучилттай, хоёр талдаа тус бүр 0.5 метрийн өргөн бэхэлгээтэй, ус зайлуулах 180 хоолой, гурван гүүртэй гуравдугаар зэрэглэлийн зам юм. Хэвтээ, босоо радиус, үзэгдэх орчин, эргэц, хөндлөн болон дагуу налуу, ус зайлуулах байгууламж, тэмдэг, тэмдэглэгээ бүхий зам ажээ. Ийнхүү тус зам ашиглалтад орсноор Завханы хойд чиглэлийн таван сум Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдоно.

Мөн 13 сумын иргэд стандартын шаардлага хангасан авто замаар тав тухтай, аюулгүй түргэн шуурхай зорчих боломж бүрдэхийн зэрэгцээ тус аймгийг зорих гадаад, дотоодын аялагч, жуулчдын тоо нэмэгдэж, орон нутгийн эдийн засагт дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой.

Мөн Сонгино-Увс чиглэлийн 135 км хатуу хучилттай авто замын 50 км нь Завхан аймгийн нутаг дэвсгэрт орж байгаа юм. Өөрөөр хэлбэл Завханчууд нийт 217 км хатуу хучилттай авто замыг хүлээж авлаа. Энэхүү бүтээн байгуулалт нь Завхан аймгийн гол замын сүлжээнд стратегийн чухал ач холбогдолтой бөгөөд Монгол-Хятад-Орос гурван улсын худалдаа, эдийн засгийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах юм. Энэ жил олон жил хүлээсэн Загастайн давааны 67 км хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлж 20 орчим км замыг хучаад байгаа. Ирэх жил бүрэн дуусгаснаар Завхан аймгийн төв Улиастай хот Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдоно хэмээн аймгийн ЗДТГ-аас тус тус мэдээллээ. 




Related news