Мод тарилтын бэлтгэл ажлаа хангахыг үүрэг болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-18 11:09:22

Долоо хоног бүр хуралддаг аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, агентлагийн дарга нарын шуурхай хуралдаанаар цаг үеийн асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд иргэдийн санал хүсэлт гомдлыг хүлээн авдаг МШУТ-ийн 70321111 утсанд ирсэн мэдээлэлтэй танилцлаа. Өнгөрөгч 7 хоногийн байдлаар тус утсанд 49 иргэн хандсан бөгөөд гудамж талбайн хог хаягдал болон төв бараан захын түлээ, нүүрс зардаг хэсгийн үйл ажиллагаа, хүнсний дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарь, 5 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй супермаркетууд тамхины тухай хууль зөрчиж байна зэрэг асуудлаар санал хүсэлтээ илэрхийлжээ.

Мөн багш нарын хичээл заах арга барилд сэтгэл ханамжгүй байгаагаа олон иргэн илэрхийлсэн бол БОЭТ-ийн эмч ажилчдын харилцаа хандлага, ёс зүйгүй байдлын талаар асуудал дахин сөхөгдлөө. Эдгээр байгууллагуудыг үйл ажиллагаагаа сайжруулан ажиллахыг аймгийн Засаг даргын зүгээс сануулсан юм.

Түүнчлэн хурлаар хаврын үр, тариалалт, мод тарилтын үе эхлэх гэж байгаатай холбогдуулан бордоо, үр тарианы сонголт, хаврын тариалалтанд анхаарч иргэдэд зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулахыг ХХААГ-т үүрэг болголоо. Тэрээр 5 дугаар сарын 15-ны мод тарих өдрөөс өмнө бүх албан байгууллагууд бэлтгэл ажлаа хангаж, өөрсдийн талбайд мод тарьж ургуулах ажилд анхаарлаа хандуулахыг хүссэн юм.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Related news