Орхон аймаг 3.1 тэрбум төгрөгөөр гэр хорооллоо гэрэлтүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Баян-Өндөр сумын гэр хороололд өнгөрсөн гурван жилийн хугацаанд 3847 лед гэрэл суурилуулж нэгдсэн удирдлагатай болгосон. Үүний дүнд гэмт хэргийн гаралт буурч иргэд шөнө, орой явахад аюулгүй болсон гэж орон нутгийн удирдлагууд хэлж байна. Харин гэрэлтүүлэгт 3.1 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Мөн Жаргалант сумын гэр хороолол болон төв замын гэрэлтүүлгийг солиход Орон нутгийн хөгжлийн сангаас 200 сая төгрөг зарцуулсан байна. Эдгээр лед гэрэл нь автомат удирдлагатай буюу эрчим хүчинд хэмнэлттэй юм. Гэрлийн нэгдсэн удирдлага “Эрдэнэт Ус ДТС” компанид байрладаг ажээ. Гэр хорооллын гэрэлтүүлгийг өвлийн улиралд 18-02 цаг, 06-7.30 минутад асаадаг юм. Тодруулбал, жилийн дөрвөн улиралд цагийн хязгаартай асдаг ажээ. Гэрэлтүүлгийн тусгал их сайн тул аль нэг шонгийн гэрэл унтрахад зэргэлдээх гэрлээр нь түр хугацаагээр гэрэлтүүлээд байх боломжтой гэнэ.
Б.Оюун-Эрдэнэ