Барин ламын дөрөвдүгээр дүрд бат оршил өргөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-30 21:25:35

Барин ламын 4-р дүрийн хувилгаан Барагри Ёнзон Халх Дамцагдоржданзанжамъянлодой ламд бат оршил өргөх ёслол ирэх наймдугаар сарын 11- ны өдөр Дундговь аймагт болно. Энэ үеэр их нас, соёолон, даага  насны морьд уралдаж, хүчит 128 бөхийн барилдаан, сур, шагайн харваатай даншиг наадам хийхээр товлогджээ.

Монголын бурханы шашин соёлын болоод буддын гүн ухааны сэтгэлгээний түүхэнд нэр алдараа мөнхөлсөн хутагт нарын нэг нь "Уулын лам" хэмээн алдаршсан Брагри Дамцагдорж юм. Тэрбээр хуучин Түшээт хан аймгийн Говь түшээ гүнийн хошуу одоогийн Дундговь аймгийн Сайхан -овоо сумын нутаг Онгиин голын Улаан хошуу хэмээх газар тайж Цэвээндашийн гэр бүлд 1781 оны өвлийн эхэн сард мэндэлсэн гэдэг. Брагри Дамцагдорж 5,6-р Богд Жавзүндамба хутагтын номын багш нь байсан бөгөөд Монголын шашны ёсонд "Бари дэг" хэмээх  нэрээр нь уламжлагдан ирсэн уншлагын бясалгалын зан үйлийн дэгийг бий болгосон байна.

Брагри ёнзон Дамцагдорж бол Түвдийн шарын ба улааны шашны олон мэргэдээс буддын гүн ухааны судар тарнийн номуудыг сайтар судлан гэгээрч, ялангуяа Зая бандид Лувсанпэрэнлэйгээс хойш бараг тасрахад хүрээд байсан нууц тарнийн үндэс жүдийг танин барьж, уг тарнийн ёсны Янсан Ядам бурханы үндэс авшгийг түвд монгол оронд дахин залгуулсан нэрт хутагт гэж эрдэмтэдийн судалгаанд тэмдэглэгджээ.

Түүний 4-р дүрийг 2009 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас тодруулсан бөгөөд өдгөө 4-р дүрийн хувилгаан Энэтхэгийн Сэра дацанд буддын гүн ухаанд суралцаж байгаа юм. Дамцагдоржданзанжамъянлодой гэгээнтэн Монгол орон, төрөлх нутагтаа ирэх зун амрах юм байна. Энэ үеэр ийнхүү бат оршил өргөх ёслолыг Монголын бурханы шашны сүм хийдүүд, Дундговь аймгийн нутгийн зөвлөл хамтран зохион байгуулахаар товлосон ажээ.

 Т. Отгонтуяа

Related news