Хоёр сумын сургуулийг ариун цэврийн байгууламжтай болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-05-03 11:36:52

Сумын сургуулийн хүүхдүүд агааржуулалт, гэрэл, хаалгагүй, бохир модон жорлон ашиглаж байгаа нөхцлийг халахаар Мобиком корпораци “Дэлхийн Зөн” Олон улсын байгууллага хамтран “Сумдын сургуулийн эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах” төсөл хэрэгжүүлдэг байна. Энэ төслийг Дундговь аймгийн Эрдэнэдалай, Сайнцагаан сумын сургуульд хэрэгжүүлэхээр болжээ.

Төсөлд сонгогдсон Эрдэнэдалай сумын сургууль нь Дундговь аймгийн хөдөөгийн сумдаас хамгийн олон суралцагчтай нь, харин Сайнцагаан сумын 5- р сургуулийн хувьд аймгийн төвийн сургууль ч гэлээ төвлөрсөн шугам сүлжээ бүхий ариун цэврийн байгууламжтай болж чадаагүй байгаа юм.

Дээрх хоёр сургуулийн ариун цэврийн байгууламжийг сайжруулахад тус бүр 90 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бөгөөд үүний 30 саяыг нь орон нутгаас дэмжих юм байна.

Төсөл хэрэгжүүлэгчид урьд нь Говь-Алтай, Ховд аймгийн 6 сумын сургуулийн ариун цэврийн байгууламжийг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлсэн шинэчилсэн байна. Энэхүү төсөл нь хүүхдүүдийн дунд гардаг элдэв халдварт өвчинг бууруулахаас гадна хот хөдөөгийн ялгааг арилгах, аюулгүй байдлыг сайжруулан, сургууль завсардалтыг багасгах, сурагчдын сурах идэвхийг нэмэгдүүлэх давхар ач холбогдолтой ажээ.      

 Т. Отгонтуяа

Related news