Төрийн албан хаагчид уламжлалт арга хэмжээгээ амжилттай зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-05 13:25:10

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Сэлэнгэ аймгийн Ерөө бүсийн төрийн албан хаагчдын урлаг, спортын наадамд 100 гаруй төрийн албан хаагчид аваалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлджээ.

Ерөө бүсд Ерөө сум, Бугант тосгон, Хүдэр, Жавхлант сум хамрагддаг. Энэхүү Ерөө бүсийн төрийн албан хаагчдын урлаг, спортын наадам 5 дахь жилдээ Ерөө суманд өнгөрсөн сарын 29-ний өдөр боллоо. Уг арга хэмжээ нь нэг өдөр үргэлжилсэн бөгөөд төрийн албан хаагчдыг чадавхижуулах сургалт, спортын тэмцээн, урлагийн арга хэмжээ гэсэн 3 үе шаттай явагдсан байна. Тус наадмын спортын тэмцээнийг Ерөө сумын ЗДТГ-аас зохион байгуулсан бөгөөд сум сумдын нэг чиглэлийн мэргэжлийн албан хаагчид, нэг баг болж тэмцээнд оролцсон нь тэмцээнийг хамгийн сонирхолтой болгож чадсан аж. Ийнхүү нэг өдрийн наадмын арга хэмжээгээр төрийн алба хаагчид мэдлэгээ зузаатгаж, спорт, урлагаар хөгжилдөн өнгөрүүлсэн нь тэдэнд улам их эрч хүч, ажиллах энерги өгсөн байна. Ингээд наамдын дүн гарахад Спортын тэмцээний төрөлд тэргүүн байранд бүсийн сумдын Цагдаагийн хэсэг, ТЗХЭЗМ, Архив бичиг хэргийн ажилтнуудын баг түрүүллээ. Харин урлагийн төрөлд Ерөө сумын ЗДТГ-ын '' Илүү илүү'' баг тэргүүн байр эзэлж шагналын эзэд болжээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news