Б.Дармаа: Коронавирус мутацид орж байна уу гэдгийг нүдээ бүлтийтэл харж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khandmaa@montsame.gov.mn
2020-05-29 13:06:53

Улаанбаатар. /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч, ЭМЯ-ны лабораторийн ерөнхий мэргэжилтэн, анагаах ухааны доктор, клиникийн профессор Бадарчийн Дармаатай ярилцлаа. Тэрээр анагаахын вирус судлалын манай улсын цөөхөн мэргэшилтний нэг юм. Олон нийтийг хамарч дэгдэлт үүсгэдэг халдварын үед лабораторийн шинжилгээний дүнгээр л нийгмийн эрүүл мэнд, халдвар хяналт, хөл хорионы асуудал шийдэгддэг учир маш хариуцлагатай ажил үүргийг түүний багийнхан гүйцэтгэж байгаа билээ. Манай улс дотооддоо нэг ч халдвар алдаагүй, 8000 гаруй иргэнээ гадаад улсаас татан авсан үзүүлэлтээр дэлхийд хоёрт жагсаж байна.


-Шинэ төрлийн коронавирусийг илрүүлж байгаа молекул биологийн оношилгоо хамгийн төгс арга мөн үү гэдгээс яриагаа эхэлмээр байна?

-Энэ вирусний ДНХ, РНХ хүний амьсгалын замд байна уу, үгүй юу гэдгийг илрүүлдэг хамгийн мэдрэг, дэлхийд одоо хэрэглэж байгаа хамгийн орчин үеийн арга юм.


-Эхэндээ манай улс коронавирусийг илрүүлэх чадамжгүй тухай ярьцгааж байсан. Гэтэл тун удахгүй оношилж эхэлсэн. Ер нь анхны тохиолдлыг хэрхэн илрүүлсэн бэ?

-Манайх вирус оношилгооны чиглэлээр удаан ажиллаж байгаа. 2009 оны H1N1 тахлыг бид даван туулаад л гарсан. Тэр үед бид яг энэ молекул биологийн аргаар оношилдог байсан. Түүнээс хойш амьсгалын замын халдваруудыг илрүүлсээр, 2019 он гэхэд 21 төрлийн вирус илрүүлж оношилдог болсон. Гэтэл 2019 оны сүүл, 2020 оны эхээр шинэ халдвар гарлаа л даа. Ерөөсөө энэ вирусний оношилгооны асуудал бол бүх оронд яг адилхан шинэ байсан.

Энэ бол генетикийн шинжилгээ учраас уг вирусний бүтэн генийн дараалал нь 1 дүгээр сарын 14-нд тодорхой болсон. Ингээд л дэлхийд  оношлуур үйлдвэрлэл эхэлсэн. Тэгээд ерөөсөө 14-хөн хоногийн дараа бид оношлох чадавхтай болсон.  Манай лаборатори дэлхийн нэр хүндтэй хүрээлэнгүүдтэй сүлжээ үүсгэж, мэдээлэл солилцож ажилладгийн хүчээр Токиогийн халдварт өвчний үндэсний хүрээлэнд хүсэлт тавьсан юм. Тухайн үед Токиогийнх анхны тохиолдлоо илрүүлээд оношилчихсон байсан. Тэгээд 1 дүгээр сарын 25-нд 200 ширхэг оношлуур өгсөн.


Түрүүчийн илрүүлдэг байсан 21 дээр нэмээд 22 дахь вирусийг илрүүлэх чадвартай болсон гэсэн үг шүү дээ. Энэ оношилгооны үндсэн суурь арга, технологи нь манайд нутагшсан байсан тул тухайн вирусний оношлуур ирүүт л оношилж эхэлсэн.


Тэгээд 3-р сарын 9-нд 49 шинжилгээ хийхэд Дорноговиос ирсэн нэг сорьц эерэг гарч анхны тохиолдол батлагдсан. Батлагдсан тохиолдолтой ойр байсан, гадаадаас ирж тусгаарлагдсан гээд одоогоор 10 мянга гаруй шинжилгээ хийж, халдвар авсан хүмүүст вирусний ачаалал тодорхойлж, эмчилгээний хяналт, өвчтөнийг эмнэлгээс гаргах, шилжүүлэх шийдвэрийг хамтран гаргаад явж байна.


-Манайд хийж буй оношилгоог дэлхийн улс орнууд бүрэн хүлээн зөвшөөрдөг үү?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас яг чадаж байгаа юм уу, үгүй юу гэдгийг 2007 оноос шалгасаар байсан. Улс орнуудад тийм вирусний тархалт байна, ийм хөдлөл зүйтэй байна гэдгийг дэлхий бүртгэж явдаг юм л даа. Тэгээд амьсгалын замаар дамждаг 21 төрлийн вирусийг илрүүлж чадна гэдгийг бид шалгуулаад л яваад байсан. Магадлан итгэмжлэлийг нь ч авчихсан. 

Манайх бол 130 орон хамрагдаж явдаг сүлжээ лабораториуд дундаа нэлээн идэвхтэй, итгэл хүлээсэн лабораториудын нэг юм. Сүлжээний толгой лабораториуд Токиод, Австралийн Мельбурн хотод, Английн Лондонд, хамгийн ойрхон нь Бээжинд байдаг. Мөн нэг толгой нь Америкийн Атланта дахь “Өвчний хяналт сэргийлэлтийн төв” юм. Тэнд би ажиллаж байсан. Бээжин рүү бид жил болгон явж, сүлжээ лабораторид яг ямар технологи, аргачлал нэвтэрсэн байна, түүнтэй нь танилцаад шинэчлэл хийдэг байсан юм.

-Дархан-Уул аймаг, ХӨСҮТ-д дахин нэг лабораторитой боллоо. Ер нь манай улс эдгээр лабораториор шинэ төрлийн коронавирусийг үндэсний хэмжээнд хянах бүрэн бололцоотой болсон уу?

-Дэлхий чинь нэг л юм, ялангуяа энэ аюулт өвчний үед ялган салгахын аргагүй нэг хавтгай гэдгийг энэ цар тахал илэрхийллээ шүү дээ. Тэгэхээр дээр дурдсан 130 сүлжээ лабораторийг дэлхий бодлогоор ажиллуулсан байхгүй юу. Нэг л чадавхтай байж энэ гамшгаас дэлхий нийтээрээ хохирол багатай даван туулна. Нэг улс огт хохиролгүй туулна гэж байхгүй.

 Манай ХӨСҮТ-д сүлжээ гайгүй болж, тогтворжингуут үндэсний хэмжээнд гэдэг бодлогыг хэрэгжүүлж, 2010 онд Дархан-Уул, Орхон аймагт энэ төрлийн лабораторийг Дэлхийн банк, Европын холбооны санхүүжилтээр байгуулсан. Микробиологийн лаборатори байгуулахад их үнэтэй, хөрөнгө шаардлагатай байдаг юм шүү дээ. Дараа нь 2014 онд Дэлхийн банк, Европын холбооны  2 дахь шатны санхүүжилтээр Ховд, Дорнод аймагт байгуулсан. Ингээд манай улс үндэсний хэмжээний сүлжээ лабораторитой болж, өдөрт хийсэн шинжилгээгээ ярьдаг, хянадаг болсон юм.

Амьсгалын замын халдвар үл үзэгддэг тул хил хязгааргүй тархах эрсдэлтэй. Өвлийн хүйтэнд ханиад хүрдэг дээ, хавар, намар бас адилхан шүү дээ. Тэр мэдээллийг бид  Ховдод ийм байна,  Дорнодод ийм байна гээд толгой лабораториуд руу явуулдаг. Тэгэхээр, амьсгалаар дамждаг вирусний тархалтын динамикт дүн шинжилгээ хийж, Хятадад ийм, Орост тийм байна гээд л дэлхий ажиглан хянаж байдаг. Нэг улс л  илрүүлж чадахгүй, анхаарал сул  бол тэр вирусийг дэлхий алдчихаж байна гэсэн үг.

-Манай улс коронавирусний хэдэн төрлийг илрүүлэх чадавхтай юм. Ер нь вирус яаж үүсдэг юм бэ?

-Хүн төрөлхтөн өөрсдийгөө  дэлхийн эзэн гэж андуурч байсан байхгүй юу. Гэтэл үнэндээ тэр эзэн нь бол бүх төрлийн биологиуд. Дэлхий дээр хүн, амьтан, нян, бичил биетэн зэрэгцэн оршиж байдаг. Коронавирус бол амьтанд ч, хүнд ч байдаг. Манайд илрүүлж буй 21 вирусний дотор 4 төрлийн коронавирус бий. 1960-аад оноос эхлэн нь хүн амын дунд нутагшмал байдлаар тархаж хүйтний улиралд ханиад үүсгээд л явж байдаг.

SARS бол коронавирусний нэг төрөл юм. MERS коронавирус, SARS коронавирусийг л хүн төрөлхтөн оношилгоо, эмчилгээний техник технологи хөгжчихсөн байсан учраас мэдлээ шүү дээ. 2003 онд сарс коронавирус илрээд сарьсан багваахайнаас үүсэлтэй юм байна, агуйд байдаг тэр амьтанд байдаг вирустэй адилхан юм байна гэдгийг тогтоосон. Тэр үед сарс коронавирусээр цөөхөн хүн өвчилсөн ч маш өндөр эндэгдэлтэй байсан шүү дээ.

Дараа нь, 2012 онд дэлгэрсэн мэрс коронавирус нэг бөхтэй тэмээний коронавирустэй адилхан байсан. Тэмээнээс хүнд дамжсаныг нь тогтоосон. Тэгтэл 2019 оны сүүлээр уушгины хатгалгаа Уханьд илрээд  хүндрээд эхэлсэн. Нэгдүгээр сарын 13-нд бүтэн геномын дарааллыг тодорхойлоод үзсэн чинь түрүүнд гарч ирсэн сарс коронавирустэй 80 хувийн адилхан байсан. Тиймээс “SARS коранавирус  2” гэж нэрлэсэн байхгүй юу.


-Тэгэхээр сарьсан багваахайнаас ямар замаар хүнд халдах магадлалтай вэ. Тэгээд далайн гаралтай бүтээгдэхүүн идэхээс сэрэмжлүүлээд байдаг нь ямар учиртай юм бол?

-Хүн, сарьсан багваахайтай өдөр бүр учирдаггүй, хүнд ч ойртдоггүй, хөхтөн амьтан шүү дээ. Зүүн өмнөд Азийн хүмүүс түүнийг иддэг гэж ярьдаг, үнэн эсэхийг мэдэхгүй. Ямар ч байсан хүнтэй ойрхон байдаг нэг амьтан, эсвэл түүхий хоол хүнсээр дамжиж халдсан байж таарна аа даа. Уханьд шинэ халдвар авсан анхны өвчтөнүүд далайн гаралтай хүнсний зах дээр ажилладаг хүмүүс байсныг лавшруулан судлаад байхад Панголин гэдэг далайн амьтныг SARS коронавирусийг хүнд дамжуулсан байх магадлалтай гэсэн үр дүн гарсан байдаг.

Панголины хайрс нь Хятадын уламжлалт эмийн түүхий эд болдог маш үнэтэй эд учраас ихээр агнадаг, мах нь зах зээлд сайн борлуулагддаг юм байна. Ер нь бид байнгын өөрчлөгдөн хувьсаж байгаа ертөнцөд амьдарч зарим нян вирус шинээр үүсэж, зарим нь устаж үгүй болж  байна. COVID-19 халдвар үүсгэгчийн байгаль дахь эх үүсвэр, завсрын дамжуулагчдын судалгааг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага, нэгдсэн үндэстний хүнс ба ХАА-н байгууллага эрчимтэй хийж байна. Цаашид байгаль дээр  дахиад өөр, өөрчлөгдсөн хувилбар вирус гарч тархах эрсдэлийг судалж байна.


Ер нь вирусний хувьсал, энэ халгаат өөрчлөлтүүд бол хүн байгалийн зохист харьцаа алдагдсаны нэг үр дагавар л даа.


-Коронавирусний орос хувилбар нь генийн хувьд, Европоос гаралтай вирустэй төстэй гэж Петербургийн эрдэмтэд тогтоожээ. Тэгэхээр яг энэ вирусний хувьд өөрчлөгдөж,  дахин дахин шинэ хувилбар гарах эрсдэл нэн их гэсэн үг үү?

-ДЭМБ, Мал амьтны эрүүл мэндийн байгууллага, хүнс хөдөө аж ахуйн байгууллагын судалгааны үр дүнг дэлхий маш анхааралтай чагнаж байна.

Харин бид бол анагаахын вирус судлаач. Хүнийг судалдаг гэсэн үг л дээ. Нэгэнт цар тахал үүсээд эхэлсэн үед удмын шинжээрээ хэр зэрэг өөрчлөгдөж, цаашид мутацид орж байна уу гэдгийг өдөр болгон нүдээ бүлтийтэл харж байна.

Одоогоор дэлхийн улс орнууд олон нийтэд дэгдэлт үүсгэж байгаа 14 мянга 300-гаад вирусний бүтэн генийн дарааллыг тогтоосон байна. Анх Уханьд гарснаасаа хойш хувьсаж өөрчлөгдөж байна уу гэдгийг сонирхож харж байгаа. Ер нь бол вирус дандаа өөрчлөгдөж байдаг юм шүү дээ. Хүн ч гэсэн дараагийн удам нь яг эцэг эх шигээ байдаггүй шүү дээ. Томуугийн вирусний халдвар авлаа гэж үзье л дээ. Гэтэл дараа жил нь дахиад авчихдаг биздээ. Тэр чинь өөрчлөгдөж байгаа хэрэг шүү дээ. Өөрчлөгдөөгүй байсан бол дархлаа тогтож, дахин тусахгүй.

Тэгэхээр 14 мянгаад вирусийг генийн дарааллаар нь бүлэглэсэн байна. Ерөнхийдөө 4 хувилбарт хуваагдаж байгаа юм байна. Мэдээж өөрчлөгдөж байгаа юм чинь хувилбарууд гарч ирж таарна аа даа. Гэтэл энэ хувилбарууд нь анх Уханьд гарсан омгоосоо эмгэг төрүүлэх хоруу чанар, маш аюултай өвчин үүсгэх хоруу чанар нь онцын их, хүчтэй өөрчлөлтгүй байна гэж дүгнэж байна.

Энэ вирусний өөрчлөлтийг мөн вакцин, эм үйлдвэрлэгчид ажиглаж байдаг. Эд чинь Уханьд гарсан хувилбартай нийцүүлэн вакцин үйлдвэрлээд эхэлчихсэн. Вакцин үйлдвэрлэлд 20, 30-аад үйлдвэр өрсөлдөж байна. Өөрчлөгдчих юм бол тэр вакцин ямар ч хэрэггүй болно. Эмийн үйлдвэрлэл мөн адил, тал бүрээс нь анхааралтай ажиглаж байна.


-Шинэ төрлийн коронавирус маш богино хугацаанд хүчтэй тархсанаараа олныг цочирдуулж сандраасан. Гэхдээ нас баралт нь харьцангуй бага байгаа. Энэ вирус өөр ямар ямар онцлогтой байна вэ?

-Гараад 4 сар болж байна. Бас л шинэ, судалгааны шатандаа л байна. Нэг онцлог нь, энэ цочмог халдвар мөртлөө, хүний биенд харьцангуй удаан хадгалагддаг вирус бололтой юм. Тэгэхээр халдвар тараах эрсдэл нь удаан гэсэн үг. Манай анхны тохиолдол франц иргэнээс 44, 45 дахь хоног дээрээ вирус илэрсээр л байсан. 47 хоноод эмнэлгээс гарсан. Дэлхийн олон судлаач бас л иймэрхүү үр дүнг мэдээлж байна л даа. Тэгэхээр тусгаарлалтыг удаан байлгахаас өөр аргагүй байгаа юм.


-Франц иргэнтэй ойр байсан монголчууд яагаад өвдөөгүй вэ гэж асуухад манай Б.Дармаа доктор “Тэр үед монголчууд маск зүүгээд хэвшчихсэн байсан” гэж хариулсан хэмээн салбарын сайд мэдэгдсэн. Үнэхээр маск Монголыг аваад гарчихсан гэдэгт итгэлтэй байж болох уу?

-Маргааш яахыг тааж мэдэхгүй. Ер нь бол хязгаар хориглолт их нөлөөлсөн.


-Франц хүн Улаанбаатарт дөрөв тав хоносон. Тэр үед шинж тэмдэг илрээгүй үедээ халддаггүй юм байна гэж тайлбарлаж байсан л даа?

-Ойлгомжтой шүү дээ, хүнд байгаа вирус чинь хөлгүй, агаарт тогтоод амьд байдаг зүйл биш, дамжуулагч нь шүлсний дусал байхгүй юу. Амьсгалаар халдах гэдгийг энгийнээр хэлье,  хүйтэнд хүний амнаас уур гардаг. Энэ бол мананцар байхгүй юу. Тэр мананцраар амьсгалах юм бол халдана. Эсвэл бохир гар, шүлсний дуслаар халдана. Тэр эрсдэл маш бага байсан байх. Монголчууд бол тэр үед масктай байсан.


-Оросын яруу найрагч, дуучин Булат Акутжава гэдэг хүн 10 жилийн өмнө нас барсан юм байна. Энэ хүн коронавируст зориулсан шүлэг бичсэн, тэр шүлгэнд нь яг одооных шиг гэрээсээ битгий гар, гараа сайн угаа гэх мэт үгс байдаг юм байна. Урьд нь коронавирус ийм аюул тарьж байсан тохиолдол байдаг уу?

-Дэлхийн хүн төрөлхтөн  ер нь маш олон цар тахалтай тулж байсан юм билээ. Тэр үед бол өвчилсөн хүмүүсээ өвчлөөгүйгээс нь шууд л ялгаад тусгаарладаг байсан байгаа юм. Өвдөнгүүт нь зүгээр л цайз хэрэм шиг юм байгуулаад бүтэн жил тусгаарлачихдаг байж л дээ. Тэгээд тэр ухаантай хүн магадгүй,ийм юм гарч болох юм гэсэн таамгаар бичсэн байж болох л доо.

Ер нь коронавируст цар тахлыг байгальтай буруу харьцсаных, зөв амьдрах хэрэгтэйг хүн төрөлхтөнд сануулж буй анхааруулга гэх мэтээр ярьж,тайлбарлаж буй зүйл их байна шүү дээ.


-Вирус судлаач хүнээс онцлон сонирхох бас нэг юм  байна. Энэ вирус 12 дугаар сард манай оронд орж ирээд хөнгөн хэлбэрээр дэгдээд намжсан тал байх уу. Ер нь одоо эрүүл байгаа хүнд эсрэг биет үүссэн эсэхийг шинжилж болдоггүй юм уу?

-21 төрлийн вирусийг илрүүлж, хянаж тандах сайдын тушаал байдаг. Ямар хүнийг шинжлэх вэ гэсэн шалгуур гэсэн үг л ээ. Эмнэлэгт үзүүлсэн, 10 хоногийн дотор халуурсан, ханиалгасан, хоолой өвдсөн зовиуртай улсуудаас хамрын арчдас, цэр, хоолойн  арчдас авч шинжилдэг. 21 аймаг, Улаанбаатар хотод ийм өвчтэй бүх хүний шинжилгээ манай лабораторид ирдэг. Тэгээд бас 4 бүсийн лабораторид бас очдог байхгүй юу. Тэгээд шинжлэхэд өнгөрсөн өвөл ерөөсөө, томуугийн A(H3N2), B гэсэн хоёр төрлийн вирус  маш  хүчтэй тархаж, өвчлөл үүсгэсэн байдаг. Томуугийн вирусний онцлог нь 5-7 хоногийн дотор эдгэдэг. Гэтэл энэ шинэ вирус бол их удаан буюу 21-47 хоног өвчтөнөөс салахгүй байгаад байна шүү дээ, архаг өвчтэй хүмүүс, ахмад настанд маш хүнд тусаж байна. Хэрэв өвөл дэгдэлт гарсан бол тэр тархалт маш удаан үргэлжилж, яаж ч бодсон тухайн үед эмзэг бүлгийнхнийг дайрч өнгөрөх байв.


-Түргэн оношлуур баталгаатай биш ээ гэсэн атлаа баримжаа болгож байна гэж мэдээлж байна. Тэгэхээр манай улс түргэн оношлуур гаднаас авах шаардлагагүй юм биш үү. Эсвэл PCR шинжилгээний нөөц дутмагаас болоод байна уу?

-Үйлдвэрлэгчид дандаа байсаар байна шүү дээ. Манай урд хөрш гэхэд лэнэ талын дэлхийн том үйлдвэрлэгч. Ер нь бол янз бүрийн оношлуур хэдэн мянгаараа  үйлдвэрлэгдсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сүлжээгээрээ ерөнхийд нь хянаж байна. Ерөөсөө түргэн оношлуурыг хэрэглэхийг зөвлөхгүй байна, улс орнууд өөрсдөө л мэд гэсэн юм хэлж байна. Бүх эмнэлэгт PCR машин байхгүй байна шүү дээ. Яахав гар дээрээ байлгаж, чиглэл авах хэрэгцээ байна л даа. Оношлуурын мэдрэг чанар, баталгаатай чанар нь үйлдвэрлэгчээс л хамаарна. Гэхдээ одоо бол оношлуурууд дан туршилтын шатандаа явж байна. Дөрөвхөн сарын дотор ерөөсөө төгсөрдөггүй байхгүй юу. Харин вирусний ген илрүүлэх PCR шинжилгээ бол найдвартай арга болсон.


Одоо бид генийн дараалал дээр суурилсан оношлуураа Япон, Герман зэрэг улсын үйлдвэрүүдэд захиалж нөөцөлж аваад байж байна.




-Манай улс шинэ коронавирусний халдвар БНХАУ-д дэгдэж эхэлсэн үеэс нийт 62 мянган иргэнээ улсын хилээр нэвтрүүлжээ. Гадаадаас 8500 орчим иргэнээ зохион байгуулалтайгаар татан аваад байна. Та нарын ачаалал хэр байна, өдөрт хэчнээн хүнийг шинжлэх чадавхтай вэ?


-Халдвартын хоёр лабораторид өдөрт 600-700 гаруй хүнд шинжилгээ хийх бололцоотой.


-Нэг хүнд 165 мянган төгрөгний үнэтэй шинжилгээ хийдэг гэсэн. Энэ талаар арай дэлгэрүүлж тайлбарлаж болох уу?

-Ер нь манайх бол дээд зэргийн чанартай мэдрэг оношлуураар шинжилгээ хийж байна. Эхлээд Японоос, дараа нь Германаас авсан. Манай суурь PCR оношлуурууд нь Германы, Японы урвалжуудтай дүйцэхүйц маш үнэтэй юм. Үнэтэй юмыг хэрэглэж маш үнэ цэнэтэй хариу гаргаж авч байна. Үнэ дагаж чанар гэдэг бол бүх юман дээр адил байна шүү.


-Монголчууд энэ цар тахлын үед хэрэглэж буй хоол хүнс, агаар усаа урьд урьдынхаас илүү шүтэх хандлагатай байна л даа. Цар тахлыг дотооддоо ямар ч дэгдэлт тархалтгүйгээр даваад гарвал манай адууны мах дэлхийд үнэд орно гэж Д.Нямхүү захирал нэг хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн. Харин оросууд вакцин багаасаа хийлгэдэг байсан хуучин социалист лагерийн орнуудад өвчлөл бага байна гэсэн мэдээлэл гаргаж байна?

-Бүх юм шинжлэх ухаанд л үндэслэх ёстой.


-Эдгэрсэн хүн дахиад өвдөхгүй гэсэн баталгаа байхгүй гэдэгт хүмүүс санаа зовж байна л даа?

-Манай илрүүлдэг 4 төрлийн коронавирус бол улирлын чанартай дэгдэлт үүсгэдэг вирус болчихсон байна шүү дээ. Тэгэхээр судлаачдын таамаглал бол, энэ вирус нь тийм улирлын чанартай дэгдэлд үүсгэдэг болчихож магадгүй байна. Тэгэхээр нэг өвдөөд дархлаатай болчихоор, дараа нь ийм хүчтэй өвчлөл үүсгэдэггүй л дээ.


-Хүн төрөлхтөн 35 жил болоход ДОХ-ын вакциныг гаргаж авч чадаагүй, түүнтэй адил коронавирусний вакциныг гаргахэд хэцүү гэсэн гутранги үзэл барууныхан цухалзуулж байсан?

-Коронавирусний вакциныг гаргаж авч чадах байх. Гаргаж авахад их цаг хугацаа орно. Гаргаж аваад амьтан дээр туршина. Дараа нь хүн дээр туршина. Тэгж байж дэлхий хэрэглэнэ шүү дээ.


-Вакцины ач холбогдол нь ер нь юу вэ, эмчилгээний аргыг бүрэн олсны баталгаа юу?

-Урьдчилан сэргийлэх аргыг нь олчихлоо гэсэн үг. Дархлаатай болно гэсэн үг. Одоо бол, өвдөж дархлаатай болж байна шүү дээ.


-Ер нь вирус судлаачаас анагаахын вирус судлаач ямар онцлогтой байдаг юм бэ?

-Нарийн төрөлжсөн мэргэжил лдээ. Анагаахын вирус судлаачид бол цөөхөн байдаг. Маш их тэвчээр шаардсан төвөгтэй ажил юм. Дахиад нэг шинжлэх ухаанд орж байгаа ч юм шиг. Би эмч байсан болохоор вирус, нянгийн чиглэлээр явахаар төвөгтэй, удаан хугацаанд сурах шаардлагатай болж байсан.

Би анх 2001 онд Швейцарт дархлаа судлалаар сурсан юм. Хоёр гурван сар сураад лабораторид нь ажиллаж нэлээн туршлага хуримтлуулсан. Дараа нь 2003 онд АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвд ажиллаж байгаад 2004 оны  5 дугаар сард ирсэн. Ирэнгүүт АНУ-ын яг дээрх төвөөс төсөл зарласан. Яг энэ томуугийн тандалтын сүлжээг буурай орнуудад хөгжүүлэх, амьсгалын замын тандалтын үндэсний сүлжээг хөгжүүлэх чиглэлтэй байсан. Би тэр үед вирусний лабораторид ажилд орчихсон байсан. Тэгээд манай улс тэр төсөлд оролцохоор болж, би тэр төслийг бичих ажлын багийн нарийн бичгээр томилогдон улмаар АНУ руу төслөө бичиж явуулсан. Тэр төсөл маань батлагдаад 10 жил хэрэгжсэн тухай дээр хэлсэн. ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторийн хүчин чадал тэгж бүрдэж байлаа.


-Коронавирусээс сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж буй энэ хугацаанд та бүгдийн ажлын хэрэгцээ шаардлагыг иргэд илүү таньж ойлгож байна. Харин та ажлын онцлог, хамт олныхоо талаар юу гэж тодорхойлох вэ?

-Аливаа өвчнийг оношлох эмчлэх, урьдчилан сэргийлэх бүх явц лабораторийн шинжилгээний хариунд үндэслэдэг, өөр сонголт байдаггүй. Ялангуяа олон нийтийг хамарч дэгдэлт үүсгэдэг халдваруудын үед лабораторийн шинжилгээний дүнгээр л нийгмийн эрүүл мэнд, халдвар хяналт, хөл хорионы асуудал шийдэгддэг гэдэг утгаараа маш хариуцлагатай ажил. Хүн бүрийн ур чадвараас шалтгаалдаг багийн ажил. Стандартыг чанд мөрддөг газрыг эмнэлгийн лаборатори гэж хэлнэ л дээ.

Манай багт лабораторийн эмч, технологич мэргэжилтэй 5 хүн, лабораторийн техникч 5, туслах ажилтан 3 байна. Ажлын нарийн хуваарьтай, аюулгүй ажиллагааны өндөр дэглэмд ажилладаг.


-Вирус халдах эрсдэл та нарын алхам тутамд нүүрлэж байдаг байх, тийм үү?

-Бид аюулгүй ажиллагааны өндөр дэглэмтэй ажилладаг. Хөдөлгөөн бүр хэм хэмжээтэй. Нэг л эвгүй хөдөлгөөн гаргавал халдвар авна. Хувцсаа өмсөх тайлах, устгал хийхдээ нэг л буруу хөдөлгөөн хийвэл орчиндоо аюул учруулна. Буруу хөдөлгөөн хийсэн нэгнээ, "чи үхэх нь үү" гэдэг юм.

Related news