Монгол, Америкийн хүүхдүүд байгаль хамгаалахад хамтарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-06-15 10:03:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монгол Экологи төв" ТББ нь манай орны байгалийн нөөц, түүх соёлын өв, дурсгалыг хамгаалах, өсвөр үеийнхэнд байгаль орчны боловсрол олгох чиглэлээр олон улсын шилдэг арга туршлагыг эх орондоо нэвтрүүлэн ажиллаж байна. Энэ талаар тус төвийн ерөнхий менежер Г.Чимгээтэй ярилцав. 


-Манайх 2011 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын менежментийг сайжруулах, тэнд ажиллаж буй байгаль хамгаалагчдыг унаа, техник, тоног төхөөрөмжөөр хангах, өсвөр насны хүүхдүүдэд олгох байгаль орчны мэдлэг, боловсролыг дэмжих гэсэн үндсэн 3 чиглэлээр ажиллаж байна. 

Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын менежмент дээр Хөвсгөл нуурыг сонгон тэр орчмын байгалийн цогцолбор газрын хамгаалалтын газрын менежментийг сайжруулах "Lake Hovsgol Сonservancy" хөтөлбөр хэрэгжүүлж байна. Дэлхийд тусгай хамгаалалттай газрынхаа шилдэг менежментээр тэргүүлдэг,  100 гаруй жилийн түүхтэй АНУ-ын туршлагыг Монголд нэвтрүүлж нутагшуулахаар ажиллаж байна. 


-Яагаад эхний ээлжинд Хөвсгөл нуурыг сонгож эхлэв?

-Хөвсгөл нуур нь Монгол орны гадаргын цэвэр усны 70, дэлхийн цэвэр усны 1 хувийг бүрдүүлдэг утгаар экологийн онцгой чухал газар юм. 4000 гаруй жилийн түүхтэй, дэлхийн хамгийн эртнийхэд тооцогддог үзэсгэлэнт нуур. Хэдийгээр  монголчууд бид  далай ээжийнхээ цэвэр тунгалаг байдлыг үндэсний хэмжээнд төдийгүй дэлхийн хэмжээнд хамгаалах үүрэг хариуцлагыг хүлээдэг ч  жил бүр Хөвсгөл нуур уруу аялах дотоод, гадаадын аялагчид өсөн нэмэгдсээр байгаа нь нуурт сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсгэж байна. Тиймээс бид тусгай хамгаалалттай газрын олон улсын стандартыг нэвтрүүлэхээр сонгож авсан юм. 

Манай улс анх 1994 онд Тусгай хамгаалалтын газрын тухай хуулиа баталж газар нутгаа тусгайлан хамгаалж эхэлсэн, харьцангуй “залуу” салбар боловч Богд Хаант засгийн үед, 1778 онд Богдхан уулаа дархалж хамгаалж байсан түүхтэй. Гэтэл өнөөдөр Богд уулаа ч тэр, Хөвсгөл нуураа бид бодит амьдрал дээр хамгаалж чадаж байна уу гэвэл үгүй, хамгаалалтын менежмент нь гажуудалд орчихсон явж байгаа. 


-Хөвсгөл нуурын хамгаалалтыг яаж сайжруулах гэж байна. Ажлаа юунаас эхлэв?

-Түрүү хэлсэнчлэн олон жилийн туршлагатай АНУ-ын мэргэжилтнүүд манай улсад ирж сайн дурын шугамаар ажиллаж байна. Нуурын байгалийн цогцолборт газрын нэвтрэх цэгийн тэмдэг тэмдэглэгээний жишиг загварыг Йосэмити Үндэсний паркийн тэмдэг тэмдэглэгээний үйлдвэрт үйлдвэрлэж авч ирж суурилуулсан. Түүнчлэн тухайн газрын талаарх цогц мэдээллийг багтаасан танилцуулгыг англи, монгол, орос хэлээр боловсруулаад байна.

Мөн морин болон явган аялал, үзэж сонирхох газруудын талаар, нууранд нүүдэллэн ирдэг шувуудын талаар танилцуулга бэлтгэж хэвлүүлсэн. АНУ болон Монгол Улсын тусгай хамгаалалттай газрууд, түүнд ажиллаж буй мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, судлаачдын харилцан туршлага, мэдлэг мэдээллээ солилцох, олон улсын харилцаагаа улам өргөжүүлэх ажлын эхлэлийг тавьж анх 2015 онд Йосэмити Үндэсний парктай “Эгч дүүс паркууд” болсон. 


Дараагийн ээлжинд бид Тусгай хамгаалалтын газарт ажиллаж буй, "Байгалийн хилийн цэргүүд" гэж хэлж болох байгаль хамгаалагчдыг туулах чадвар, эдэлгээ сайн, чанартай техникээр хангаж байгаа. Техникийн хүчин чадлыг сайжруулах үүднээс 2014 оноос Японы "Яамаха-AG 200" гэсэн мотоциклээр эхний ээлжинд хангаж байгаа. Ингэж сайжруулахгүй бол байгаль хамгаалагчид, жишээ нь хятад мотоциклээр ажил үүргээ гүйцэтгэхэд хэцүү байдаг. 

Мөн бид 2014 оноос байгаль хамгаалагч нарт туслах "Rally for Rangers" хөтөлбөрт аяныг хэрэгжүүлж байгаа. Энэ аяны санхүүжилтийг олон улсаас босгодог. Тодруулж хэлбэл, бусад орны байгалийн үзэсгэлэнт газрыг сонирхон аялах хүсэлтэй, мөн нөгөө талаар сайн үйлсийн аянд оролцох хүсэлтэй мотоспорт сонирхдог гадаад, дотоодын иргэдийг энд хамруулан тусгай маршрутаар 14 хоног аялуулдаг олон улсын хөтөлбөр юм. 

Энд дэлхийн 10 гаруй орноос хүмүүс бүрдээд явдаг. Ийм байдлаар босгосон санхүүжилтээрээ бид мотоцикл худалдан авч аялж буй хүмүүс тухайн газрынхаа байгаль хамгаалагч нарт өөрсдөө гардуулан өгдөг, жил бүр зохион байгуулдаг сайн дурын уламжлалт аян юм. Манай улсын Тусгай хамгаалалттай газруудад нийт 380 гаруй байгаль хамгаалагч байдаг. 


-Дээрх аяны хүрээнд нийт хэчнээн байгаль хамгаалагчдыг мотоциклтэй болгоод байна вэ?

-Монголд 2014 оноос хойш нийт хамгаалалтын 6 захиргааны 73 байгаль хамгаалагч, Аргентин, Непал улсад 30 мотоцикл гэх мэтээр нийтдээ 103 мотоциклээр туслаад байна. Энэ жил бид Нөмрөгийн дархан цаазат газар, Дарьгангын байгалийн цогцолборт газар, мөн Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн нийт 15 байгаль хамгаалагчийг унаатай болгохоор төлөвлөж байсан боловч харамсалтай нь цар тахлын тархалтаас шалтгаалаад ирэх жил болохоор хойшлогдсон.

Энэ ташрамд манай байгаль хамгаалагчдыг дэмжих хөтөлбөр буюу “Rally for Rangers” хөтөлбөрийг сүүлийн 2 жил дэмжиж, аяллын явцад бүх шатахуунаар хангасан нийгмийн хариуцлагаа өндөрт өргөж яваа “Петровис” компанийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлмээр байна.


Г.Чимгээ: Бид байгаль хамгаалах олон улсын менежментийг эх орондоо нутагшуулж байна


-Өсвөрийн байгаль хамгаалагчдыг хэрхэн бэлтгэж буйгаа товч танилцуулна уу?

-Энэ нь өсвөрийн байгаль хамгаалагчдыг бэлтгэх гэхээсээ илүү хүүхэд залууст байгаль экологийн боловсрол олгох, тэдний мэдлэгийг баяжуулах хөтөлбөр юм. Мөн л Тусгай хамгаалалттай газрыг түшиглэн, дэргэд нь ажилладаг. Жишээ нь, Хөвсгөл нуурын орчим, Ханх, Хатгалд зэрэг суурин газарт амьдарч байгаа хүүхдүүдийг байгалийн үзэсгэлэнт газраар нь аялуулан байгаль хамгаалагч нарын ажилтай танилцуулан, аялалын дараа юутай танилцаж, юу сурав гэсэн сэтгэгдэл саналыг нь авдаг байдлаар хамруулдаг жуниор рэнжир хөтөлбөр юм. 


Энэ нь бас л олон улсын жишиг хөтөлбөр бөгөөд бид гадаад орнуудад хэрэгжүүлж буй тэр хэлбэрээр нь зохион байгуулж байна. Ингэхдээ монгол хүүхдүүдийнхээ, монгол орныхоо нөхцөл байдал, хөрсөнд нийцүүлэн нэвтрүүлэхийг хичээж байна. Энэ үүднээс бид тусгайлсан модуль загвар гаргасан. Жишээ нь, хөдөөгийн нэг сургуулийн нэг ангийг "Сурагчийн хөгжлийг дэмжих танхим" буюу өсвөрийн байгаль хамгаалагчийн булантай танхим болгон компьютер зэрэг орчин үеийн техник, хэрэгсэл тоног төхөөрөмж байршуулан тохижуулан өгч байгаа. 

Тэрний дараа "Хичээлийн дараах хөтөлбөр" гээд нөгөө анги танхимд нь байгаль хамгааллын талаарх тодорхой сэдвээр боловсрол олгож байна. Энэ бүх ажлыг бид Тусгай хамгаалалттай газрын захиргаа, орон нутагтай хамтарч хийдэг. Дараагийн ээлжинд бид мөн зуны зуслан сургалт явуулдаг. 


-Хөтөлбөрүүдэд ямар насны хүүхдүүдийг хамруулж байна?

-Өсвөрийн байгаль хамгаалагч хөтөлбөрт 4-8-р ангийн хүүхдүүд хамрагддаг. Тэндээсээ жилд 30 хүүхдийг сонгоод зуны зусланд явуулдаг. Энд АНУ-ын Энхтайваны корпусын сайн дурын ажилтнууд ажиллаж, мөн Америкаас хүүхдүүд ирж хамрагддаг. Сайн дурын ажилтнууд маань "COVID-19"-ийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс одоо ажиллахгүй байгаа. Нутаг буцацгаасан. 


Зуны зуслан хөтөлбөр маань 2015 оноос хойш тасралтгүй явж байгаа. Хөтөлбөрөөр Америк, Монголын хүүхдүүд хоорондоо найзалж нөхөрлөн, хоёр орны ёс заншил, байгаль хамгаалах арга, энэ талын мэдлэг мэдээллээ солилцдог сайхан харилцаатай болсон юм. Хөтөлбөр маань Хөвсгөлөөс эхэлж буй тул энд тухайн Тусгай хамгаалалттай газрын буюу Ханх, Хатгалын нийт 150 хүүхэд хамрагдаад байна. 

Түрүү хэлсэнчлэн Зуны зуслан хөтөлбөрт 4-8-р ангийн хүүхдүүд хамрагдаж 9-12-р ангийн төгсөх хүүхдүүд хоцроод байгаа юм. Тийм учир бид тэдэнд зориулсан, илүү сайжруулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх үүднээс 15-22 насны хүүхдүүдийг хамруулах талаар Европын холбоонд хандан төсөл бичиж өгсөн маань дэмжигдээд "Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус" (Youth Sustianobility Corps) гэсэн шинэ төсөл эхлүүлээд байна.  

Энэ төсөл зөвхөн Хөвсгөл гэлтгүй, нийслэлд Налайх болон Сонгинохайрхан гэсэн алслагдсан 2 дүүргийн 2 сургууль, мөн Өмнөговийн Гурвантэс сумын болон Даланзадгадын 5-р сургууль, Ховдын Манхан, Мөнххайрхан сумын гээд бусад аймгийн хүүхэд залуусыг хамруулж буй улсын хэмжээний төсөл юм. Төсөл дөнгөж эхэлж байгаа, "COVID-19"-ийн халдварын цар тахлаас болж зарим ажил түр зогсоод байна. 


-Байгалиа хамгаалах та бүхний үйл ажиллагаанд мэдээж мөнгө санхүү их хэрэг болдог байх.  Үүнийг танай байгууллага яаж шийдэж байна вэ? 

-ТББ-ын хувьд үйл ажиллагаагаа тогтвортой, таслахгүй явуулахын тулд санхүүжилт зайлшгүй хэрэгтэй. Энэ утгаар бид төсөл хөтөлбөрөө урагшлуулах, нийгэмд тустай үйл бүтээхийн төлөө санхүүжилт босгох ажлыг байнга явуулахыг хичээдэг. АНУ-ын "Trust for Mutual Understanding" гэдэг сан тогтвортой үйл ажиллагаа явуулж, үр дүнтэй ажиллаж буй ТББ-уудыг дэмждэг.

Монголд зарлагддаг Австралийн бичил төслийн санхүүжилтээр “Өсвөрийн байгаль хамгаалагч” хөтөлбөр дээрээ 2 жилийн санхүүжилт авч Хатгал, Ханхад хэрэгжүүллээ. Одоогоор Европын Холбооны хамтарсан санхүүжилттэй “Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус” хөтөлбөрөө эхлүүлээд явж байна. Хөтөлбөрийг дор хаяж 1.6 жилийн хугацаанд шат шатандаа шалгараад нэлээн юм болж байж авдаг. Энд тухайн байгууллагын туршлага болон тогтвортой үйл ажиллагаа явуулж буйг харгалзан үздэг. 

Хүүхдүүд рүү чиглэсэн үйл ажиллагаанд мөнгө дууслаа, эсвэл төслийн үйл ажиллагаа ингээд дууслаа гэж бид хэлж чаддаггүй. Яагаад гэвэл хүүхдүүд цаашид илүү ихийг сурч мэдэхийг эрмэлзэж, зуны зусланд хамрагдахыг хүсэж байна. "Багшаа, би дахиад явмаар байна" гэдэг. Ийм нөхцөлд хүүхдүүддээ төсөл дууссан гэж хэлж чадахгүй хэцүү байдалд ордог үе бий. Тиймээс үйл ажиллагаагаа цааш нь  төсөл биш, хөтөлбөр байдлаар урт хугацаанд үргэлжлүүлэн явуулахад хүрдэг. Энэ үүднээс санхүүжилт үнэхээр хэрэгтэй болдог юм. Тиймээс манайх үйл ажилагаагаа төсөл хэлбэрээр биш хөтөлбөр байдлаар илүү урт хугацаанд үргэлжлүүлэн явуулахад хүрсэн. Энэ үүднээс санхүүжилт зайлшгүй хэрэгтэй болдог. 

Ярилцсан Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр


Related news