Монголын нутагт 3700 жилийн өмнө хүрэл гоёл чимэглэлийн сонгодог урлаг хөгжжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
nandintsetseg@montsame.gov.mn
2020-06-26 13:30:19
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой тохиосон билээ. Тэгш ойг угтаж Нийслэл дэх Богд хааны ордон музейн дэргэдэх 1,4 га талбайд байгалийн чулуун зам, хөшөө баримал бүхий мөнх ногоон цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг өнгөрсөн оны 11 сард эхлүүлсэн. Цэцэрлэгт хүрээлэнд суурилуулсан хөшөө дурсгалын дотроос  3700 орчим жилийн өмнөх дөрвөлжин булшнаас олдсон хүрэл морины баримлын талаар археологич Д.Эрдэнэбаатараас тодрууллаа.


- Цэцэрлэгт хүрээлэнд суурилуулаад буй 13 хөшөө баримлаас хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшнаас олдсон хүрэл морь анхаарал татаж байна. Энэ олдворыг хаанаас илрүүлсэн бэ?


- 1992 онд тэр үеийн ШУА-ийн Түүхийн хүрээлэн ажиллаж байхад "Дорнод Монгол” нэртэй миний анхны бие даасан археологийн хээрийн шинжилгээний анги гарч байлаа. Энэ ангийн бүрэлдэхүүнд археологич З.Батсайхан Хүннүгийн үеийн археологийн судалгаа, миний бие хүрэл зэвсгийн эрин үеийн археологийн судалгааг тус тусдаа хийж байсан юм. Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Асгатын өвөр хэмээх газраас огт хөндөгдөөгүй бүрэн бүтэн дөрвөлжин булш олдсон нь миний амжилтын эхлэл болсон юм. 


Ер нь бол хүрэл зэвсгийн эрин үеийн дөрвөлжин булш тоногдож оршуулгын зан үйл нь эвдэрсэн байх тохиолдол маш элбэг байдаг. Тэр үед надад аз таарч энэ дөрвөлжин булшны оршуулгын зан үйл хөндөгдөөгүй, хүнээ толгойг нь зүүн тийш хандуулан тавьж, толгой дор нь хавтгай чулуу дэрлүүлэн, зүүн гарт нь энэхүү хүрэл морийг атгуулсан байдлаар дагалдуулан тавьсан байсан. Түүнээс гадна цутгуурын чулуун шанага, хүрэл товруун чимэглэлтэй нарийн бүс зэргийг дагалдуулан тавьсан байсан.  


Энэ тухай 1992 онд Археологийн судлал мэргэжлийн сэтгүүлд “Асгатын дөрвөлжин булш” нэртэй судалгааны өгүүлэл гаргасан нь миний бичсэн хамгийн анхны эрдэм шинжилгээний өгүүлэл, ажил маань байлаа. Дараа нь 1995 онд ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод хүрэл зэвсгийн эрин үеийн судалгаагаар гарсан “История и культура Центральной Азии- Культуры и памятники Бронзового веков Забайкалья и Монголии" хэмээх нэгэн товхимолд “К вопросу о погребальных обрядах населения плиточных могил” \Дөрвөл булшны хүн амын оршуулгын зан үйлийн тухай асуудалд\ нэрээр хэвлэгдэн гарсан юм. Тэр үйл явдал намайг Монголын археологид бие даасан судлаач болохыг минь батлан харуулсан гэж боддог. Энэ хүрэл мориндоо би хайртай. Энэ удаа Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт уран барималч Л.Ганхуяг энэхүү олдворыг минь хүрэл баримал болгосон төдийгүй, өөрөөр минь гагнуулж босгуулсанд би туйлаас их баярлаж байгаа.


- Урьд нь ийм хүрэл морь илрүүлж байсан тохиолдол хэр олон байдаг вэ. Уг олдвор ямар онцлогтой вэ?


- Яг ийм хүрэл морь бол манай Монголын нутагт малтан шинжилсэн хүрэл зэвсгийн үеийн археологийн дурсгалуудаас одоо хэр нь олдоогүй байна. Гэхдээ Архангай аймгийн Орон нутгийн музейн сан хөмрөгт яг миний олсон хүрэл морьтой адил боловч хэмжээ нь арай багавтар нэг хүрэл морь бий. Тэгэхээр миний хүрэл морь бол “ижилтэй” гэсэн үг.


Энэхүү олдвор амьтны загварт урлагийн сонгодог төлөөлөл, 3700 жилийн өмнө Монголын нутагт хүрэл зэвсэг, гоёл чимэглэлийн урлаг сонгодог байдлаар хөгжсөн байсныг гэрчлэх гол түүхэн эх сурвалж учраас мэдээж маш их ач холбогдолтой дурсгал юм.



- Говь-Алтайн музейд мөн хүрэл морь бий. Ер нь энэ төрлийн олдворын үнэ цэнийг хэрхэн тодорхойлж болох вэ?


- Говь-Алтай аймгийн музейд байгаа хүрэл морь, Баянхонгор аймгийн музейд буй давхар хүрэл морь зэрэг хосгүй үнэт археологийн дурсгалууд бол манай Монголын нутагт хүрэл зэвсгийн эрин үед амьдарч байсан эртний хүмүүс аж ахуй, соёл иргэншлийн маш том ул мөр үлдээсний гэрч болж байгаа юм.  Иймээс энэ хүрэл зэвсгийн эрин үед буюу 5000-4500 жилийн бидний өмнөд хөрш эртний Хятадын Жоу улс “...умардын буга, цагаан чоно сүлдтэй улстай байлдсан...” тухай түүхэн бичгийн эх сурвалждаа тэмдэглэсэн нь бий.

Тэр “буга, цагаан чоно сүлдтэй улс байсан” гэдэг мэдээ Хүннүгээс өмнө дахиад 2000-1500 жилийн тэртээ Төрт улс байсан болохыг гэрчлэхээс гадна өнөө манай улсын нутаг дэвсгэр дээр оршин байгаа “Буган чулуун хөшөөт хиригсүүрийн соёлын дурсгалууд”, “Тэвшийн соёл”, “Дөрвөлжин булшны соёл” зэрэг археологийн дурсгалууд бодитой түүхэн эх сурвалжууд юм. Монгол нутагт оршин байгаа түүхэн эх сурвалжуудынхаа үнэ цэнийг ард түмэндээ мэдрүүлэхэд манай уран барималч Л.Ганхуягийн хийж буй энэ цуврал бүтээл бол нөгөө шинжлэх ухааны судалгааны үр дүнг инновац болгож байгаагийн тод жишээ юм даа.



- Эртний олдворуудын баримлыг цуврал болгон Богд хааны музейн цэцэрлэгт хүрээлэнд байршуулах нь ямар ач холбогдолтой вэ?


- Богд хааны ордон музейн гадна талын цэцэрлэгийг Богд хааны 110 жилийн ойн дурсгалд зориулсан хүрэл хөшөө босгохоос гадна Монголын Төрт ёсны уламжлалыг харуулсан хүрэл зэвсгийн эрин үе, эртний Төрт улсуудын үеийн археологийн эд  өлгийн дурсгалуудыг зохиомжлон нийтдээ 13 хүрэл баримал барьж цувруулан босгосон нь олон түмэнд товч түүх өгүүлж байгаа хэрэг юм. Аугаа их түүх-соёл, уламжлалаараа бахархах боломжийг бий болголоо гэсэн үг юм уу даа.


- Өвөр Монголд археологийн үнэт олдвор хэмээн морины хөшөө байгуулсан байдаг. Үүнээс цаг хугацаа болоод хийцийн хувьд ялгаатай юу?


- БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотод нэгэн том хүрэл морины хөшөө бий. Тэр бол хожуу МЭ-ний 5-6-р зууны үеийн эртний Хятадын Тан улсын үеийн археологийн дурсгал бөгөөд Монголоос бус БНХАУ-ын төв нутгаас олдсон дурсгалыг БНХАУ-ын уран барималчид барьж босгосон Хөх хотод бэлэглэсэн гэж би сонссон. Хийц, хамаарах он цагийн хувьд нэлээд хожуу 2000-3000 жилийн зөрүүтэй дурсгал байгаа юм. Монголын хүрэл морийг түүнээс ч эртнийх гэж үзэж болно.


Related news