Орон сууцнуудын гадна явган хүний зам тавьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-07-03 16:16:24

Дорнод /МОНЦАМЭ/. Энэ зун Чойбалсан хотын орон сууцны 11 байрны гадна явган хүний зам тавих ажил үргэлжилж байна. Одоогоор 9, 11, 16, 21 дүгээр байрны гадна явган хүний зам тавьж дуусчээ.

Өмнө нь орцноос хоёр метр орчим зайд авто зам шууд залгадаг, орон сууц, авто замын дундуур шороон зурвастай байсан нь иргэдийн тохь тухаас гадна хүүхдийн аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлж байсан юм. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж буй дээрх ажлыг үргэлжлүүлэн 12-17, 24, 25 дугаар байрны орчимд хийнэ. Түүнчлэн явган хүний зам тавьсан орон сууцнуудын гадна орчныг ногоон байгууламжтай болгохоор бэлтгэл базааж байна гэж мэдээллээ. Ногоон байгууламжийн усалгаанд шаардлагатай хоёр гүний худаг, ус нөөцлөх савуудыг долоо, есдүгээр багт хийж байгаа аж.

Ийнхүү Чойбалсан хот жилээс жилд өнгө засаж, аймаг орон нутгаас нийтийн орон сууцны оршин суугчдын тав тух, аюулгүй байдлыг хангахад анхаарч байгаа юм. 2016 оноос хойш аймгийн төсвийн хөрөнгөөр нийтийн орон сууцны 33 барилгын дээврийг засварласан бол энэ онд 14 барилгын дээврийг засварлаж байна.

Related news