Улаанбурханы нэмэлт дархлаажуулалт өнөөдрөөс эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-05-12 20:06:17

Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг “Улаан бурханы эсрэг хамтдаа” уриан дор өнөөдрөөс эхлэн энэ сарын 25- ныг дуустал зохион байгуулахаар аймгийн Засаг дарга захирамж гаргалаа.

Нэмэлт дархлаажуулалтад 18- 30 насны залуучууд хамрагдах бөгөөд дархлаажуулалтыг орон нутагтаа үр дүнтэй зохион байгуулахыг сумын Засаг дарга нарт, байгууллагынхаа энэ насны иргэдийг дархлаажуулалтад бүрэн хамруулахыг байгууллага, аж ахуйн нэгжийн дарга нарт тус тус үүрэг болгосон байна.

Дархлаажуулалтын үеэр түр цэг болон явуулын баг байгуулан ажиллана. Нэн түрүүнд 18- 30 насны иргэдийн судалгааг гаргах бөгөөд дархлаажуулалтад хамрагдсан иргэдэд хурууны тэмдэглээ хийх юм байна.

Хурууны тэмдэглэгээгээр дархлаажуулалтад хамрагдсан эсэхийг тодорхойлно. Тухайлбал, хот хооронд зорчих 18- 30 насны иргэдийн хурууны тэмдэглэгээг шалгаж, хэрвээ хамрагдаагүй бол дор бүр нь дархлаажуулах зэргээр зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтад бүрэн хамруулах өргөн хүрээтэй ажил зохион байгуулах ажээ.

Нэмэлт дархлаажуулалтыг аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийг ЗДТГ- ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д. Дулмаа ахалж байна.

Т. Отгонтуяа

Related news