Ц.Шаравжамц: Биеийн тамир спортын салбарынхан хамтдаа хичээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-09 13:44:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамир спортын газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтааж Биеийн тамир спортын улсын хороо /БТСУХ/ болгон ажиллаж байгаа билээ.


БТСУХ-ны дарга Ц.Шаравжамцтай уулзаж, Биеийн тамир спортын салбарт хэрэгжүүлж байгаа ажил үйлс, ойрын зорилтын талаар тодрууллаа.


-Биеийн тамир спортын салбарыг удирдан чиглүүлэх төрийн байгууллагын хувьд Улсын хороо болоод удаагүй байна. Энэ талаар таны сэтгэгдлийг сонсъё?


-Биеийн тамир спортын салбарын удирдах байгууллага болох Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир спортын газар нь 30 гаруй жилийн дараа 2020 оны 8 дугаар сарын 12-ны Засгийн газрын хуралдааны 47 дугаар тогтоолоор бүтэц зохион байгуулалтын хувьд Биеийн тамир спортын улсын хороо /БТСУХ/ болж албан ёсоор байгуулагдлаа. Улсын хороо болж босоо удирдлагатай байна гэдэг спортын салбарын бид бүхэнд том боломж гарсан төдийгүй үүнийг дагаад их үүрэг хариуцлага ирж байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Биеийн тамир, спортын улсын хороог байгууллаа. БТСУХ нь хүн амд биеийн тамирын ажил, үйлчилгээг чанартай, тэгш, хүртээмжтэй хүргэж, идэвхтэй хөдөлгөөн, спортыг амьдралын салшгүй нэг хэсэг болгох, шинжлэх ухаан, технологийн дэвшилд тулгуурлан тамирчдын өрсөлдөх чадвар, амжилтыг тив, дэлхий, олимпын түвшинд хүргэх үндсэн зорилготой.


-Улсын хороо болсноор ямар давуу байдал бий болж байна вэ?


БТСУХ-ны хамт олон болон 21 аймаг, 9 дүүргийн Биеийн тамир спортын хороодын харилцаа, хамтын ажиллагаа илүү уялдаа хамааралтай, босоо тогтолцоотой болсноор салбарын төдийгүй нийт спорт сонирхогч, дэмжигчдийн хөгжлийн чиг хандлага улам  чанаржиж, ирэх 4 жилд үр шимийг нь иргэн бүр хүртэж, үр дүн гарна гэж итгэж байгаа. Мөн Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт спортын салбарын хөгжлийн тухай асуудлууд тусгагдсан байгаа. БТСУХ-ноос бүх аймаг, хот дүүргийн БТС-ын байгууллагууд, МҮОХ, Спорт холбоод, Монголын паралимпын хороо, Мастеруудын холбоо зэрэг салбарынхаа хэмжээнд харилцан уялдаа хамааралтай хамтран ажиллах бүрэн боломж бүрдлээ. Нийтийн биеийн тамирын үйл ажиллагааг төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран стратеги төлөвлөгөөний дагуу шуурхай хэрэгжүүлж ажиллана. Бидний хамтын ажиллагаа ирэх жилүүдэд  ямар нэгэн саад бэрхшээлгүй шууд ажил хэрэг болж хэрэгжинэ. Тиймээс бид хамтдаа хичээж ажиллана гэдгээ хэлэхэд таатай байна.


-Өмнөх 4 жилд БТС-ын салбарт хууль эрх зүйн болон ажил хэргийн талаар хийж, хэрэгжүүлсэн, эхлүүлсэн ажлууд байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?


-Бид 2016 оноос БСШУСЯ-тай хамтарч олон ажлыг эхлүүлж, хэрэгжүүлж чадсан. Тухайлбал, БТС-ын салбарын шинэ хуулийг мөрдөн хэрэгжүүлж байна. Мөн  мэдээллийн технологийг нэвтрүүлж эхлээд, цахим сангаа бүрдүүлж байна. Энэ ажлын хүрээнд салбарын 100 жилийн түүхийг болон үе үеийн спорт холбоод, тамирчид, зүтгэлтэн, дасгажуулагч, багш нарын талаар бүх мэдээллийг цахим санд хадгалж, архивлаж авах ажил хийгдэж байгаа. 2021 онд болох БТС-ын байгууллагын 100 жилийн ойг угтан хийж буй уг ажил нь бидний судалгаа, шинжилгээний эх сурвалж болох юм. Манай салбарын үе үеийнхний мөрөөдөл байсан БТС-ын анагаах ухааны эрдэм шинжилгээний төвтэй болсон гээд олон ажил бий. 

Related news