Эрүүл мэндийн хичээлийн олимпиад болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-05-19 17:20:04

Баянхонгор аймгийн Боловсрол соёлын газраас аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын “Эрүүл мэнд”-ийн хичээлээр олж авч байгаа мэдлэг, чадвар, хандлага, төлөвшлийг үнэлэх олимпиадыг зохион явуулахаар болжээ.

Олимпиадаар “Эрүүл мэнд”-ийн боловсрол эзэмшсэн шилдэг анги хамт олныг шалгаруулж, эрүүл мэндийн хичээлийн сургалтын чанарыг дээшлүүлэх зорилго бүхий тус олимпиадыг уламжлал болгон 5 дахь жилдээ зохион явуулж байна.

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүн амын сан болон Норвегийн тусламжийн байгууллагын эрүүл мэндийн төсөл хөтөлбөрөөс БСШУЯ-д санал тавьсны дагуу эрүүл мэндийн олимпиадыг зохион байгуулах чиглэлийг баталжээ. Олимпиадад ЕБС-ийн 10, 11 дүгээр ангийн сурагчид анги хамт олноороо оролцох бөгөөд ганцаарчилсан хувийн амжилтаас илүүтэйгээр анги хамт олны амжилтыг чухалчлан үзэх аж. Сурагчид нөхөн үржихүйн эрүүл мэнд, БЗДХ, ХДХВ/ДОХ, хорт зуршил /Архи, тамхи, мансууруулах бодис/ зэрэг сэдвийн хүрээнд мэдлэгээ сорих юм байна.

Сонирхуулахад, 2015-2016 оны хичээлийн жилд суурь боловсролын цөм хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт орж ЕБС-ийн 4-5, 6-9 дүгээр ангиудад эрүүл мэндийн хичээл орохоо больсон хэдий ч энэ хичээлийн агуулга бусад хичээлийн агуулгад багтан орж байгаа аж. Мөн энэ хичээлийн жилд үндэсний лаборатори “Номундалай” цогцолбор сургуулиас бусад бүрэн дунд сургуулиудад БСШУ-ны сайдын 2011 оны 369 дугаар тушаалын дагуу 10-12 дугаар ангид эрүүл мэндийн хичээл орж байгаа юм байна.

Б.Мөнхзул

Related news