Гурван улсын харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнөх боломжийг экспо харууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-23 17:07:23

Аялал жуулчлал, эдийн засгийн томоохон чөлөөт бүс болон хөгжих “Алтанбулаг чөлөөт бүс”-д хөрөнгө оруулалт татах, улмаар Монгол Улс, ОХУ, БНХАУ гэсэн гурван улсын төрийн тэргүүн нарын санаачлан хэрэгжүүлж, ажил хэрэг болгож буй Эдийн засгийн коридор байгуулах ажлын эхлэл тавигдлаа.

2005 онд Алтанбулаг чөлөөт бүсийг хөгжүүлэх эрхзүйн орчныг бүрдүүлж, 10 гаруй жил үйл ажиллагаа явуулсан ч хөрөнгө оруулалт татаж чадаагүй, дэд бүтцээ бүрэн шийдэж, ажлын байр бий болгож чадаагүй юм. Тэгвэл энэ удаа маш өргөн хүрээг хамарсан гурван улсын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид тус бүсэд чуулж, санал бодлоо солилцлоо.

Энд Монгол Улсаас 50 орчим, БНХАУ-ын талаас 30 гаруй, ОХУ-ын талаас 20 гаруй  бизнес эрхлэгч, мөн тооны хөрөнгө оруулагчид, эрдэмтэн судлаачид оролцлоо. Уулзалтын эхний өдөр Дэлхийн чөлөөт бүсийн хөгжлийн чиг хандлага, Монголын чөлөөт бүсийн өнөөгийн байдал, Чөлөөт бүсийг хөгжүүлэх тухай хууль эрхзүйн орчин, Чөлөөт бүсийн тээвэр ложистикийг хөгжүүлэх боломж, Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн салбар хуралдаан, Ноос ноолуур, арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчдийн салбар хуралдаанууд явагдлаа. Мөн Аж үйлдвэрийн сайд энэ үеэр Алтанбулаг чөлөөт бүсийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах асуудлын хүрээнд Буриад улсын Ардын их хурлын дарга дарга Доржиев Ц.Э болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат нартай уулзалт хийсэн юм. Алтанбулаг чөлөөт бүсэд өнөөг хүртэл улсын төсвөөс 2.2 тэрбум, хувийн хэвшлээс 5.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Цэвэр усан хангамжид бүрэн холбогдсон бөгөөд бохирын шугам хоолой, үеийн даланг ч мөн амжилттай хийж чаджээ. Бүтээн байгуулалт хийх эхний ээлжийн цахилгааныг бүрэн шийдэж, улмаар өсөн нэмэгдэх хэрэглээг хангах зорилгоор нэмж цахилгаан шийднэ гэсэн төлөвлөгөөг гаргаад байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, дэд бүтцээ бүрэн шийдчихсэн, харин одоо хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хувь хүн, компани, аж ахуйн нэгжийг чөлөөт бүс хүлээж байгаа аж. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн 131 аж ахуйн нэгжээс 10 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа гэлээ. Энэ онд тус чөлөөт бүсэд 8.33 сая ам.долларын өртөг бүхий томоохон худалдааны төвийн ажил эхлэхээр болжээ. БНХАУ-ын ӨМӨЗО-ны хөрөнгө оруулалтаар хийгдэх уг худалдааны төв 2.5 га газрыг хамарч, гурван үе шаттай хэрэгжих гэнэ. Мөн хууль эрхзүйн орчин тодорхой болж, чөлөөт бүсэд хөрөнгө оруулах хүсэлтэй болон бизнес эрхлэгчдийг татварын уян хатан бодлогоор дэмжих ажил эхэлж байгааг энэ үеэр онцоллоо. Түүнчлэн чуулганы үеэр гурван улсын хил гаалийн хүнд суртал, татвар тарифыг хөнгөвчлөх асуудлыг ч илүүтэй хөндсөн. Ийнхүү “Алтанбулаг” чөлөөт бүсэд гурван улсын харилцан ашигтай, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа  өрнөх боломжтой гэдгийг энэ удаагийн экспо харууллаа. 

Аж үйлдвэрийн яам, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас хамтран зохион байгуулсан чуулга уулзалт Алтанбулаг чөлөөт бүсэд хоёр өдөр үргэлжилж, өчигдөр хаалтаа хийлээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Related news