Е.Серикжан: Багшийн зөвлөгөө гэнэт санаанд орж охиныг үснээс нь барьж авсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-11-21 21:05:24

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч Е.Серикжан эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад хүний амь аварсан талаар өмнө нь мэдээлсэн. Болсон явдлын талаар түүнтэй уулзаж тодрууллаа.


Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?

- Намайг Елейханы Серикжан гэдэг. Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангид жолоочоор ажиллаад 7 жил болж байна.

Улс даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж цагдаа, онцгой байдлын алба хаагчид эргүүлд гарч байгаа. Ачаалал хэр байна?

- Гайгүй байгаа. Цагдаагийн газрын алба хаагчидтай хамт өглөөний 08:30 цагаас оройн 18:00 цаг хүртэл, мөн оройн 18:00 цагаас шөнийн 02:00 цаг хүртэл ээлжээр эргүүл хийж байна. Гудамж талбайд хөл хөдөлгөөн багассан, иргэд ч бидний тавьсан шаардлагыг сайн биелүүлж байгаа.

Өнөөдөр голын усанд унасан хүнийг эсэн мэнд аварсан байна. Энэ талаар тодруулж ярихгүй юу?

- Өдрийн 14:00 цагийн үед эргүүлийн үүргээ гүйцэтгэж, Ховд голын гүүрээр явж байлаа. Тухайн үед голын хөлдөөгүй хэсэгт ойрхон эмэгтэй хүн зогсож байгааг харлаа. Цүнхээ хажуудаа тавьчихсан, харзны усанд маш ойрхон байсан. Юмыг яаж мэдэх үү гэж бодоод очихоор шийдлээ. Машинаасаа буугаад ойртоход 17-18 насны охин уйлж байсныг харлаа. Намайг хараад "Битгий ойртоорой, үсэрнэ шүү" гэж хашхирсан. Би "Ахын дүү юу болсон бэ? Надад хэлээч, ах нь тусалъя" гэж хэлсэн боловч нэг хөлөө усанд хийгээд буцааж гаргав. Дараа нь шууд ус руу үсэрчихсэн. Би ч удаан хүлээсэнгүй гадуур хувцсаа гялс тайлаад усанд орсон. Охиныг барьж авсан ч усан дотор айж сандарсан хүнийг тогтоон барих хэцүү байлаа. Нэлээн ноцолдож, хэд хэдэн удаа усны гүн рүү ороод гарсан. Тухайн үед “усан дотор хүнийг үснээс нь барих хэрэгтэй” гэсэн багшийн зөвлөгөө гэнэт санаанд орж охиныг үснээс нь барьж авлаа. Тэр чигээрээ мөсөн эрэг рүү сэлж очоод, тохойгоо мөсөнд нааж зогссон. Тэгээд голын эрэгт 3 залуу явж байсныг хараад тусламж хүсэв. Залуус гүйж ирэхэд охины гараас нь бариулж татаж гаргасан. Дараа нь намайг гаргалаа. Ингэж байхад аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ч хүрч ирсэн.

Харзны ус хэр гүнзгий байсан бэ?

- Голын хөлдөөгүй хэсэг уртаараа 30-40 орчим метр, 2 метр гаруй өргөнтэй байсан. Усанд байхад бидний хөл усны ёроолд хүрэхгүй байлаа. Ямар нэгэн алдаа гаргахад л мөсөн доор орох аюул ойрхон байв.

Багшийн хэлсэн зөвлөгөө санаанд орсон гэж дээр хэллээ. Өмнө нь уснаас аврах ажиллагаа явуулах бэлтгэлд хамрагдаж байсан уу?

- 2016 онд Улаанбаатар хотод  нэг сарын сургалтад хамрагдаж, бэлтгэл хийж байсан.

Охины араас ус руу үсрэх үед өөрөө амь насаа алдахвий гэж бодсон уу?

- Онцгой байдлын алба хаагчид ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах тангараг өргөсөн хүмүүс байдаг. Миний хийх ёстой ажил ийм болохоор олон юм бодоогүй. Энэ талаар бодоод байх цаг ч байгаагүй.

Аварсан охиныг яасан бэ?

- Цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн.

Мэдээлэл өгсөнд баярлалаа.    


Related news