Хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг шилэн болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-05-31 15:11:13

Монгол Улс хаана хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр ямар үр дүнд хүрэв гэдгийг илтгэх цахим хөтөч системийг өнөөдөр нэвтрүүллээ.

Дэлхийн 26 оронд хэрэгжиж буй “Хөрөнгө оруулалтын цахим хөтөч” системийн нээлтэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож  үг хэлсэн юм.

Тэрээр хэлэхдээ,“Засгийн газар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эдийн засгийн тогтвортой хөгжлийн гол түлхүүр хэмээн үзэн бүх талаар дэмжих бодлого барьж байна. 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хууль баталснаар хөрөнгө оруулагчдыг хамгаалах, дэмжих тогтолцоо бий болж, татварын болон татварын бус хөнгөлөлтүүд үзүүлэн бизнес эрхлэх зардал, хүнд суртлыг багасгасан. Дэлхийн банкнаас гаргасан тайланд дэлхийн 189 улсаас манай улс 56 дугаарт жагсаж, хөрөнгө оруулагчийг хамгаалах тогтолцоогоороо 18-т бичигдсэн нь олон улсаас өгч буй өндөр үнэлгээ юм. Уул уурхайн салбар манай эдийн засгийн гол хөдөлгөх хүч гэдэг нь ойлгомжтой ч, худалдаа,  аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэх нь нэн тулгамдсан асуудал болоод байна. Хөдөө аж ахуй, органик, байгалийн жинхэнэ бүтээгдэхүүн бүхий хүнсний үйлдвэрлэл, асар их нөөц бүхий сэргээгдэх эрчим хүч, өсөн дэвжиж буй банк санхүүгийн салбар, хэрэгцээ шаардлага нь ихэссэн эрүүл мэндийн салбар, нөөц бололцоо ихтэй аялал жуулчлалын салбар, асар хурдтай хөгжиж буй мэдээлэл технологийн салбар, өндөр ашиг бүхий дэд бүтцийн салбар зэрэг олон бизнесийн салбаруудад хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Оюутолгой төсөл Монголын эдийн засгийг тэлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Цаашид гүний уурхайн бүтээн байгуулалт эдийн засагт эерэг нөлөө авчрах, гадаадын хөрөнгө оруулагчдыг чиглүүлэгч гол төсөл юм. Мөн дэд бүтцийн салбарт олон  бүтээн байгуулалтууд өрнөж байна. Төслүүд нэмэгдэх хэрээр гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдад дэмжлэг үзүүлэх шаардлага зайлшгүй тавигдана” хэмээн онцлов.

 Дээрх цахим хөтөчийг хэрэгжүүлснээр хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг ил тод болгох, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг холбох, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахаас гадна эдийн засагт түлхэц үзүүлэх юм байна.

 НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биате Транкманн хэлэхдээ,“Засгийн газрын хууль болон үйл ажиллагааг ил тод байлгаж бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих цахим хөтөлбөрт Монгол Улс нэгдэж буй нь сайшаалтай.Тус цахим хөтөч систем нь НҮБ-ын Худалдаа хөгжлийн  бага хурал (UNCTAD)-аас гаргасан Засгийн газрын хууль болон үйл ажиллагааг ил тод болгож бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмждэгээрээ онцлогтой” гэв.

“WWW.THEIGUIDES.ORG/MONGOLIA/”цахим системийг ийнхүү нэвтрүүллээ. Хэрэглэгч дээрх цахим систем рүү нэвтрэхэд  хөрөнгө оруулагчдад шаардлагатай эдийн засаг болон тэргүүлэх салбарууд, хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчин,  хөрөнгө оруулах боломж, бүртгэл тусгай зөвшөөрлийг хаанаас, хэрхэн авах зэрэг шаардлагатай мэдээллийг авах юм байна.

Манай улс  2015 онд  Хөрөнгө оруулалтын 3 гэрээ байгуулж, тогтворжуулах 8 гэрчилгээг хөрөнгө оруулагчдад олгожээ. Нийт 3 тэрбум ам.долларын төслийг хэрэгжүүлсэн байна Харин хувийн хэвшлээс 4 орчим тэрбум ам.долларын концессын 20 гаруй гэрээ байгуулан төсөл хэрэгжүүлж байгааг албаныхан хэллээ. Тодруулбал Засгийн газар нүүрсний ордуудад түшиглэн 700 мегаватт Багануурын цахилгаан станц, 60 мегаватт Увсын цахилгаан станц, Улаанбаатарын 5 дугаар цахилгаан станц, Тэлмэний цахилгаан станц зэрэг Концессын гэрээ байгуулсан байна.

Б.Заяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

Related news