Таеквондогийн улсын аврагаар Сэлэнгийн охин тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-07 15:10:57

Сэлэнгэ аймгийн Мандал сумын охин Таеквондогийн улсын аврагаар тодорч, алтан медалийн эзэн боллоо.

2016 оны есверийн улсын аврага шалгаруулах Таеквондогийн тэмцээнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Дорлигсүрэнгийн нэрэмжит 3-р бүрэн дунд сургуулийн Ө.Одончимэг багштай 7в ангийн сурагч М.Энхцацрал тодорчээ. Тэрээр энэ спортоор хичээллээд удаагүй ч ийнхүү улсын аваргын алтан медалийг хүртэж, аймаг, сум, сургуулийнхаа нэрийг цуурайтуулж өсөх ирээдүйтэй гэдгээ харуулсан байна.

“Манай М.Энхцацрал урлаг, спорт, сурлагаараа сургуульдаа манлай сурагч шүү” хэмээн ангийн багш Ө.Одончимэг бахархан хэллээ. Энхцацрал охин Таеквондогийн спортоор хичээллэх хугацаандаа өнгөрсөн оны 9-р сард болсон Цагдаагийн Ерөнхий газрын нэрэмжит тэмцээнээс мөнгөн медаль, 11-р сард зохиогдсон МҮОХ-ны нэрэмжит тэмцээнээс мөнгөн медаль, мөн 12-р сард болсон цомын төлөөх тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан байна. Түүнчлэн 2016 оны 4-р сард болсон Таеквондогийн 5-р их наадмаас алтан медаль, өнгөрсөн сарын сүүлээр зохиогдсон Таеквондогийн өсвөрийн улсын аврагын алтан медалийг ийнхүү тус тус хүртжээ. Сургуулийнхаа манлай болсон Энхцацрал охин тамирчин төдийгүй бүжигчин, уран уншигч аж.

Тэрээр “Авьяастны эрэл” урлагийн бага наадмын бүжгийн төрөлд мөнгөн медаль, “Уран жиргээ” аймгийн хүүхдийн наадмын тусгай байрын эзэн аж. Бас сургуулийнхаа сагсан бөмбөгийн багийн гишүүн юм байна. 

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news