Сар шинийн өдрүүдэд нийтийн тээвэр үйлчлэхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-02-11 14:54:56
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс сар шинийн өдрүүдэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл өглөө. Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх Засгийн газрын шийдвэрийн дагуу хаврын тэргүүн сарын шинийн өдрүүдэд буюу 2-р сарын 12-ноос эхлэн дараах шийдвэрүүд хэрэгжиж эхэлнэ. 

1.“Иргэд уул овоонд гарч хөл хөдөлгөөн үүсгэж халдвар хамгааллын дэглэм зөрчихгүй байхыг нийт иргэдэд уриаллаа. Мэргэжлийн байгууллагуудаас шинийн нэгэн буюу 2-р сарын 12-ны 03.00 цагаас эхлэн явуулын хяналтын пост ажиллуулж, хяналт шалгалт хийж, иргэдэд шаардлага тавьж ажиллана. 

2.Орхон аймгаас гарах болон орох хөдөлгөөн бүрэн хаагдана. Хулгайн замаар зэргэлдээ сумд руу зорчих зөрчлийг хянах явуулын 8 пост ажиллаж байгааг анхаарна уу! Стратегийн ач холбогдол бүхий хүнс, шатахуун тээврийн авто машинууд зөвшөөрөлтэйгөөр нэвтэрнэ. 

3.Сар шинийн өдрүүдэд нийтийн тээвэр үйлчлэхгүй. Зөвхөн такси үйлчилгээний зориулалттай халдвар хамгааллын дэглэм баримталсан, симфортой таксинууд дугаарын хязгаарлалтгүйгээр үйлчилнэ. Орхон аймагт такси үйлчилгээний зориулалттай 200 гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Хувийн тээврийн хэрэгслүүд өмнө гаргасан дугаарын хязгаарлалтын дагуу хөдөлгөөнд оролцоно. 

4.Томоохон худалдааны төвүүд ажиллахгүй бөгөөд 8 нэрийн хүнсний дэлгүүр, эмийн сангууд Засаг даргын захирамжийн дагуу ажиллана. 

5.Улаанбаатар хотоос татан авалтаар ирж гэрийн тусгаарлалтад байгаа 1200 гаруй иргэнийг сар шинийн өдрүүдэд бүртгэлтэй гэрийн хаягаар нь мэргэжлийн байгууллагууд явж шалгалт хийнэ. Дэглэм зөрчсөн иргэдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авна. 

 Эдгээр өдрүүдэд аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний ангиуд, Баян-Өндөр сум, төрийн албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана. Багуудад эргүүл хяналт шалгалтыг хийхэд мэргэжлийн байгууллагуудаас гадна Баян-Өндөр сумын 21 багийн 200 гаруй хэсгийн ахлагч хариуцсан багийн нутаг дэвсгэрт хяналт тавьж ажиллах болно. Иймд төрийн байгууллагын гаргасан шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч, хамтран ажиллахыг нийт иргэддээ уриаллаа. 

 

Related news