Роналду хамгийн өндөр орлоготой тамирчнаар тодров

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-06-10 10:03:44

ВАШИНГТОН. /АР/. Португалын алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналду дэлхийн хамгийн өндөр орлоготой спортын алдартнуудын жагсаалтыг тэргүүллээ.

Энэ оны 6 дугаар сарын 1 хүртэлх нэг жилийн хугацаанд авсан цалин, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчдээс олгосон мөнгө болон бусад орлогынх нь хэмжээг  тооцсоны үндсэн дээр спортын алдартнуудын энэ оны жагсаалтыг “Форбс” сэтгүүл лхагва гарагт гаргажээ.

Роналду 88 сая долларын орлоготойгоор жагсаалтын эхэнд бичигдсэн бол Аргентины алдарт хөлбөмбөгчин Лионель Месси 81.4 сая долларын орлоготойгоор удаалсан байна.

“Форбс”-ын тодорхойлсноор, Роналду бол 1990 оноос спортын алдартнуудыг тус сэтгүүлийнхэн орлогоор нь жагсааж эхэлснээс хойших хугацаанд хамгийн өндөр орлоготой багийн тоглогчоор тодорсон хоёр дахь хүн аж. Түүнээс өмнө хамгийн өндөр орлоготой тамирчнаар тодорч байсан багийн тоглогч бол Майкл Жордан юм.

Гольфчин Тайгер Вудс болон боксчин Флойд Мейвезер нар сүүлийн 15 жилийн турш уг жагсаалтыг тэргүүлж байжээ. Вудс спортын хамгийн өндөр орлоготой алдартнаар 12 удаа тодорч байжээ. Тэрбээр бэртэлтэй байсан учраас энэ оны жагсаалтад 12 дугаар байрт орсон байна.

Г.Доржханд

 

 

 

Related news