“Шинэ хөдөө-Увс” төслийг хэлэлцэн баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-03-02 18:10:58

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид өнгөрсөн баасан гарагт хуралдаж, зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Увс аймгийн 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Увс аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Шинэ хөдөө-Увс” төслийг хэлэлцэн баталжээ. Энэхүү төсөл нь Увс аймгийн хөдөө аж ахуйн салбарыг ирэх 4 жилд шинэ шатанд гаргаж, малчид, тариаланчдын ашиг орлогыг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмрээ өгөх үр өгөөжтэй ажил болох юм. Энэ хүрээнд Завхан сумаас Улаанбаатар хот руу ингэний сүү нийлүүлж эхлээд байна.

Мөн тэргүүлэгчдийн хурлаар аймгийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл”, “Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл”, “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд зөвлөл”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэд зөвлөл”-үүдийг тус тус шинээр байгуулан ажиллуулахаар болсон байна.

Түүнчлэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус Иргэний зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар боллоо.

 

 

Related news