Хот хоорондын зорчигч тээврийн автобус энэ сарын 3-наас явж эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-03-02 22:15:28

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс өнөөдрийн ээлжит хурлаараа нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөн нээсэнтэй холбоотой нөхцөл байдал, цаг үеийн зарим асуудлыг хэлэлцлээ.

Улаанбаатараас ирсэн иргэдийг PCR шинжилгээг үндэслэн (72 цагийн хүчинтэй) нэвтрүүлж, хугацаа нь хэтэрсэн бол түргэвчилсэн оношлуураар сорил тавьж, 7 хоног гэрийн ажиглалтад хянана.

Аймгийн Авто тээврийн төв хэвийн ажиллаж эхэлсэн бөгөөд Баянхонгор - Улаанбаатар - Баянхонгор чиглэлд энэ сарын 3-ны 18.00 цагт хот хоорондын зорчигч тээврийн эхний ээлж явна. Баянхонгороос Улаанбаатар хот руу зорчих иргэд эрүүл мэндийн байгууллагын асуумж бөглөх бөгөөд зорчигчийн биеийн халуун 37.1- ээс дээш хэмжигдвэл автобусанд суулгахгүй журамтай юм.

Голомтот бүсээс зорчигч тээвэрлэн ирсэн автобусыг Авто тээврийн төвийн зогсоолд хүлээн авч, журмын дагуу шинжилгээний хариуг нэр регистрээр тулгасны дараа  Эрүүл мэндийн байгууллагаас 7 хоног гэрийн ажиглалтад байх бүртгэлийг хөтлөх аж.

Цаашид зорчигчийн урсгал нэмэгдвэл 08.00, 18.00 цагт өдөрт 2 удаа хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагааг явуулахаар төлөвлөжээ.

Related news