Хэнтийн нийтийн номын сан “Миний анхны ном” сургалт явуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-06-17 20:37:17

Хэнтий аймгийн Р.Чойномын нэрэмжит нийтийн номын сан энэ сарын 6-наас ирэх сарын 1 хүртэл цэцэрлэгийн журмаар “Миний анхны ном” сургалтыг сарын 50 мянган төгрөгийн төлбөртэйгөөр явуулж эхэллээ.

Сургалтыг  хүүхдийн уншлагын танхимд өглөө 11-18 цагийн хооронд, 3-7 насны нийт 17 хүүхдийг хамруулан явуулж байна.Хүүхдүүдийг уншсан номноосоо сэдэвлэн баримлын шавар, өнгийн харандаа, наамлаар бүтээл хийж, номыг бүтээлчээр унших, уншсан номоо ойлгох дадалд сургаж байгаа бөгөөд ном уншиж чадахгүй хүүхдүүдэд зориулан дуу, үлгэр сонсгож, хүүхэлдэйн кино үзүүлж байгаа аж.

Энэхүү нийтийн номын сан нь 1944 онд байгуулагдсан бөгөөд одоогоор найман хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. СТА Б.Хандын нэрэмжит хүүхдийн уншлагын танхим, нийтийн, гэрээр ном олгох гэсэн гурван танхимтай.

Эднийх жилд 16 мянга гаруй уншигчид үйлчилж байгаагаас 1200 гаруй нь байнгын уншигч гэнэ. 2007 оноос эхлэн фонд баяжуулах төсөв жилд 5 сая төгрөг болсноор 400-600 нэр төрлийн ном, хэвлэлээр фондоо баяжуулахаас гадна улирал бүр 12-15 нэр төрлийн тогтмол хэвлэл захиалан уншигчдад үйлчилдэг. Мэдээллийн технологийн чиг хандлага, номын сангийн үйл ажиллагааг автоматжуулах, орчин үеийн номын сангийн жишигт нийцэж ажиллахын тулд 2008 оны 10 дугаар сарын 27-ноос эхлэн номын сангийн цогц программ Lib4versoin 1.7-г үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, бүх номоо электрон каталогит оруулжээ.

Мөн номын сангийн фондоо ил болгож хүмүүс өөрсдөө номоо сонгож унших  боломжийг бүрдүүлжээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Related news