Цаг хугацааны хаанчлал доорх Япон орон

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
nyamaa@montsame.gov.mn
2024-03-27 15:05:52

  -Аян замын тэмдэглэл-


Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Нуурын үелзсэн тунгалаг долгионд тэнгэр тэр чигээрээ уначихсан ахуд үүлэн дээгүүр хөвж яваа мэт сэтгэгдэл төрдөг байлаа. Харин би яг одоо нуурын мандлаар биш, жинхнээсээ тэнгэрийн уудмыг өртөөлөх цагаан хөлөгт суугаад үүлэн дээгүүр хөвж явна. Тэртээ доор уул ус, газар тариалан, хаа нэг хот балгад үзэгдэх нь тун соньхон.


Хилийн дээс алхаж үзээгүй надад ийнхүү агаарын хөлгөөр зорчиж явахад дотроос ундрах мэдрэмжийг үгээр илэрхийлэх хүч дутна. Онгоцны сандалд зэргэлдээ тухалсан хүмүүсийн ихэнх нь нүдний хор гаргаж, зарим нь ажиг ч үгүй өмнөх дэлгэцээ ширтэнэ. Дотор минь далавчлах догдлол, баярын мэдрэмж хүчтэй байсан тул харин би огтхон ч цурам хийсэнгүй. Эрхэс тэнгэрийн уудам дундуур агаарын хөлгөөр Их наран улсыг зорин яваа минь энэ.

Учир нь япон улсын Засгийн газраас жил бүр Женесис хөтөлбөрийг зарлаж, монголын шилдэг хүүхэд залуусыг өөрийн эх оронд хүлээн авдаг уламжлалтай. Энэ жил миний бие тус хөтөлбөрийн хүрээнд эх орныхоо бусад залуусын хамт багтсан тул олон олон учрал тосон хүлээж, буй огт танихгүй газар орныг зорьж байгаа нь энэ билээ.


 


Зорьсон газраа хүрэв. “Хувьтай хүн хурнаар” гэж монголчууд бэлгэшээдэг шиг японы Нарита нисэх онгоцны буудалд газардахад арлын орны зөөлөн шиврээ бороо угтах нь тэр. Хөгшин гурван ес дундаасаа өнгөрсөн хэдий ч эх орны минь өвлийн наран буцахаа аядаж, хүйтний эрч хариагүй хэвээр байсан билээ. Гэтэл би Наритад энэ жилийн ­­анхны бороог төрсөн газрынхаа байгалийн араншингаас урьтаад үзчихэв. Сэтгэлд минь яг л өвлийн урт улирлын хойно хаврын анхны бороог догдлон угтдаг шиг баясал төрсөн юм.






Ийнхүү онгоцноос бууж гаалиар нэвтэрмэгц биднийг хариуцан авч явах багш, орчуулагчид тослоо. Бид автобус хөлөглөн, япон улсын барилга байгууламж, арлын сонин сайхныг шохоорхон цаг гаруй явсаар хоноглох буудалдаа хүрэв.


/Зургийн тайлбар: Биднийг удирдан чиглүүлж явсан багш, орчуулагчид/


Энд цаг хамгийн чухал. Цаг хугацааны мөн чанарыг хамгийн ихээр ойлгодог ард түмэн болох нь газардсан даруйд шууд мэдрэгдэнэ. Тэд хаа нэгтээгээс нөгөөд хүрэх газрыг километрээр бус цаг, тэр бүү хэл минутаар хэмжинэ. Тэгээд ч түгжрэл байхгүйн дээр автомашинууд нь хотынхоо замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу 60 км/ц жигд хурдыг ягштал баримталдаг болохоор тэр биз.

Харин авто замын зорчих хөдөлгөөний хувьд манайхаас тэс ондоо. Учир нь, монголд баруун гарын дүрэм үйлчилдэг бол энд эсрэг буюу зүүн талаар нь зорчино. Мөн явган зорчигчид ч зүүн гар талыг барьж алхана. Хэн нэгэн ажилдаа, эсвээс тун чухал үйл явдалд яарч байж болно шүү дээ. Тиймээс бусдадаа төвөг удахаас сэргийлж баруун талаа чөлөөлж өгдөг наад захын энгийн соёл энд төлөвшил болжээ. Ажилдаа яаран, сандран гүйлдэх хүмүүс иргэншил тогтсон аль ч хотод байдаг шүү дээ. Заримдаа яарч явахад замын голоор хэлхэлдэн явах хүүхэд залуус манайд ч бишгүйдээ олон. Тэгэхээр япончуудын эл соёлыг монголдоо хэрэгжүүлж болмоор сэтгэгдэл төрөв.

Биднийг хоноглох газраа очиход буудлын гадна мөн л хүмүүс угтаж авав. Зөвхөн энд ч биш очсон газар бүрт зочноо угтан авах ёсон байх ажээ. Хүн бүр бөхөлзөөстэй, мэндлээстэй. Бид ч өөрийн эрхгүй бөхөлзөн мэндлэх агаад угтан авах соёл үйлчилсэн энэ газарт үүнээсээ ичих хийгээд төвөгшөөх нь үгүй.

Буудлынхаа өрөөнд ачаа бараагаа оруулж тавьчихаад бушуухан гарлаа. Токиогийн бороотой үдшээр их хотын өнгө төрхийг тольдон, ойр хавиар жаал алхав. Гудамж талбай нь цэвэр цэмцгэр, ширхэг ч хоггүй агаад шил толь шиг л цэмцийнэ. Энд хог хаях нь бүү хэл тамхи татаж яваа хүн үзэгдсэнгүй. Нааш ирэхээс өмнө энд зөвхөн зориулалтын цэгт л тамхи татдаг, хогоо ил задгай хэрхэвч хаяж болохгүй тухай уншиж судалсан болоод ч тэр үү төсөөлсөн соёлт ертөнц маань бодит байсан нь нэн тааламжтай мэдрэмж төрүүлнэ.  




Маргааш өглөө нь эртлэн босож өглөөний ундаа уугаад, хөтөлбөрт заасан маршрутын дагуу зорих газрынхаа зүг хөдлөв. Бид энэ өдөр хамгийн эхэнд “Японы Мэдээлэл, Харилцаа Холбооны Технологийн Үндэсний хүрээлэн”-тэй танилцах ёстой.

Ийнхүү тус улсын хамгийн чухал газруудын нэг болох тус төвийн үүдэнд ирэхэд биднийг мөн л уриалгахан угтан авч, зөвхөн манай багт зориулсан сургалтын өрөө хүртэл бэлдсэн байлаа. Ер нь бидний зорчсон газар бүр ийм соёлтойгоор угтаж авч, тусгай өрөө бэлдсэн байсныг онцлон дурдууштай.

Эхлээд бид тус томоохон хүрээлэнтэй танилцсаны дараа нэгдүгээр давхарт байрлах үзмэрийн хэсгийг сонирхов. Олон содон үзмэртэй агаад тэр бүхнийг дурдахад тусдаа судалгааны ажил болох биз. Харин хамгийн онцлууштай нь тус улс руу довтолж буй цахим халдлагыг дэлхийн хаанаас, хэн хийж байгааг харуулсан системээ байршуулсан нь ихэд сонирхол татаж байлаа.

Дараа нь бид Токиогийн гадаад хэл судлалын их сургуулийг зорив. Эдгээр газрууд хоорондоо цаг гаруй явж хүрэх зайтай байрлана. Аяллын хөтөлбөрөө анх үзэхэд нүдэнд минь хамгийн эхэнд туссан газар бол энэ. Тэнд очиход монгол хэл сурч буй гадаад оюутнууд угтав. Бид хоорондоо халуун дотно, найрсаг яриа өрнүүлж, Монголд очихж үзэхийг хүсдэг эсэхийг нь асуухад, гайхширмаар нь ихэнх оюутнууд манай орноор зочилж үзсэн тухайгаа ам дүүрэн өгүүлсэн юм.

Учир нь Токиогийн Гадаад хэл судлалын Их сургууль нь манай их сургуультай хамтран ажилладаг бөгөөд “Монгол судлал”-ын зуны сургуулийн хөтөлбөрт оюутнууд нь тогтмол хамрагддаг ажээ. Тэдний монголын талаарх ойлголт миний төсөөлснөөс хавьгүй илүү. Монголоор ярьж, монголыг судалж буй тэдэнтэй хөөрөлдсөн тухайгаа энд бичвэл урт өгүүлбэрүүд хөврөх тул ингэсгээд зогсъё.


Гурав дахь өдөр нь Токиогийн ТBS” телевизтэй танилцаж, тэдний кино, нэвтрүүлэг, шоу хийдэг зургийн талбай, студи зэргийг сонирхон үзлээ. Тэнд киноны ганцхан хэсгийг авахын тулд бүрэн тавилгатай байшин, эд хэрэглэгдэхүүнээр дүүрэн ресторан зэргийг яг л бодит мэт хачин сайхнаар бүтээсэн байв. Хиймэл атлаа бодит мэт сэтгэгдэл төрүүлэм шидэт ертөнц. Үүнийг харсан хэн ч энэ жилийн Оскарын кино наадмын “Шилдэг эффект”-ийн шагналыг японы уран бүтээлчид авсанд огтхон ч гайхахгүй биз ээ.

Харамсалтай нь энд зураг авч, бичлэг хийх хориотой. Мэдээж хүн бүр утсаараа бичлэг хийж цахим хуудастаа байршуулаад байвал ямар ч газрын үнэлэмж үгүй болно шүү дээ. Тэнд киноны нэвтрүүлэгт ашигладаг эд хэрэглэгдэхүүний агуулах гэхэд л бараг манай Нарантуул” зах, тэндхийн олон төрлийн бараа бүтээгдхүүнтэй адил. Байхгүй юм энд үгүй. Ёстой л нөгөө “Ногоон хурганы арьс, нохойн битүү туурай”-наас бусад нь бий.

Дараа нь орчин үеийн хүүхэд залуусын шимтэн үздэг японы “Анимэ” үйлдвэрлэгч мэргэжлийн студи, анимэ бүтээхэд хэрхдэг талаар бүхий л төрлийн сургалт явуулдаг сургуультай танилцлаа.

Японы кино урлаг, түүнээс салбарласан бизнесийн зах зээл, өдгөө улсын төсөвт ч тэр анимэгийн оруулж буй ашиг хэмжээгүй. Улс орны соёл, хүмүүсийн сэтгэлгээний онцлогийг ч тольдож болдог тус сургуультай танилцсан нь төдийлөн анимэ сонирхдоггүй надад огтоос өөр, шинэ сэтгэгдэл төрүүлсэн юм.


Аяллын дөрөв дэх өдөр бид хөтөлбөрийн дагуу хөдөө орон нутагт зорчихоор болов. Японы алдарт “Шинкансен” буюу хурдан галт тэргэнд суулаа. Дориун хурдтай довтолгосоор Токиогоос Гүнма мужид ирэхэд ердөө хагас цаг зарцуулав. Харин тэндээсээ Токиогоос умардад орших Гүнма мужийн Ота хотод байрладаг, дэлхийн зах зээлд борлуулалтаараа дээгүүрт тооцогддог “Subaru” автомашины үйлдвэрт ирлээ.




Уг үйлдвэрийн гадна очмогц сүрдмээр хийгээд угтан авагсад зураг бичлэг хийх хориотойг дахин дахин сануулсаар биднийг дагуулан дотогш нэвтрэв.

Автомашины эд анги, их бие хийх хэсгээс эхлэн, гагнах, угсрах, будах, шалгах гээд бүх л хэсгээр явж танилцав. Хамгийн сүрдмээр нь яг хүн мэт, борви бохисхийлгүй, хааш яйш эв зүйгээ олон хөдөлж, хөдөлмөрлөж буй 3000 роботыг харав. Тэд машины эд ангийг гагнаж угсрах бөгөөд дараагийн дамжлагаас нь эхлэн хүний гараар хийдэг нарийн чимхлүүр ажлууд өрнөнө. Тус компани нэг минутанд нэг машин үйлдвэрлэдэг тухай тайлбарлагч эмэгтэйг дурдахад бид бүхэн дуу алдан гайхацгааж ёстой л нүд орой дээр гарах шиг болж билээ.




Ингэж техник технологийн гайхамшгийг мэдэрсний дараа Отагоос хөдөлж Минакима хотод хүрч буудаллав. Хамгийн сонирхолтой учралууд маргааш тосно.


Токиогоос Гунма руу зорчсон гол хөтөлбөр нь хөдөө аж ахуй эрхэлдэг япон айлд хоёр хонож, тэдний соёл, ёс заншлыг илүү ойроос тольдох боломжийг олгож буй хэрэг билээ. Бороотой Токиогоос цасан хөнжилтэй уулархаг Минакимад өглөөг угтлаа.

Биднийг өөрсдийн үр хүүхдээ хэмээн санаж, хүлээн авахаар япон аав, ээжүүд эгнэн зогсжээ. Би гурван нөхрийн хамт нэгэн айлд очив. Тэднийх алим тариална. Боловсорсон алим нь амттай гэж жигтэйхэн. Алимаа зарахын тулд сурталчилгаа хийх гэж зовдоггүй гэдгээ ч тайлбарлан хэлэв. Учир нь ургаж гүйцээгүй байхад л захиалагчдын тоо дүүрдэг ажээ.

Очсон өдрөө өөрсдийн гараар японы үндэсний хоол удон гоймон бэлтгэн идлээ. Ганц гоймон бус ширээ дүүрэн элдэв бусын хоол унд, амттан өрөөстэй. Хоолны дараа япон үндэсний тоглоом наадгайгаар тоглож өнжсөн юм.




Харин удаах өдөр нь тэдний хүсэлтээр монгол хоол амсуулахаар болов. Бараг 100 километрийн цаадах махны дэлгүүр явж австрали хонины мах авчирснаар “монгол цуйван” хийж өглөө. Тэд амтархан хүртэж, жигтэйхэн сайхан амттайг нь гайхан магтана.




Тэндхийн хүмүүс өдөр бүр халуун рашаанд орно. Бид ч мөн ёсоор болгов. Цэв цэлгэр, тув тунгалаг тэнгэрийн одод ширтэн халуун усанд хэвтэх нь газрын диваажинд байна уу гэлтэй.

Японы соёл, зан заншлын өвөрмөц онцлогыг уг ганц айлыг жишээ болгон тольдвол тоочоод барамгүй. Мэндлэх хүндлэх, хооллож ундлах гээд л... Тэр бүү хэл бие засах өрөөнд орохдоо өмсөх шаахай хүртэл тусдаа байх нь тэр. Харин гэртээ бол хөл нүцгэн л гэлдчинэ. Тэдний бас нэгэн чухал соёл бол цагийг яг таг баримтлах юм. Дээр дурдсаны адил бүх зүйл цагийн хуваарийн дагуу явна. Юм бүхэн нарийн төлөвлөгөөтэй. Бид үүнд дасаж дадаагүй тул айлын хүмүүс хэдэн цагт босох, хэдэн цагт хооллохыг ямагт асууна. Харин бусдаар бол өдрийн төлөвлөгөөг бүтэн гаргачихсан байдаг байлаа.


Гурав хоногийн дараа бид Гунмагаас хөдөлж анх ирэхэд бороотой угтсан гэрэлтсэн Токиод буцаж ирлээ. Цааш хилийн дээс алхаж гэртээ харих ч цаг болжээ.

Улс үндэстэн бүр өөр, өөрийн гэсэн онцлог соёл, ёс заншил, үндэстний өвөрмөц хэллэгтэй байдаг. Тэр бүгдээс хамгийн гол нь хүнийг хүндлэх, бусдыг хайрлах сэтгэлийн сайхныг эндээс олж авлаа. Цаг хугацаа хэнийг ч хүлээдэггүй. Их хотын эрчимтэй, үймсэн хөдөлгөөн дунд цагийг зөв зохицуулж аж төрөхгүй бол болохгүй ажээ. Тэгээд ч хүний амьдрал өөрөө мөнөөх цаг хугацаагаар хязгаарлагддаг шүү дээ. Ингээд бодохоор цаг хугацаа энд хаанчлах мэт сэтгэгдэл ч төрнө.

Ахиад л тэнгэрийн уудмаар хөвж явна. Урин цаг наашилсан хэдий ч японы ногоон арлууд хэдхэн цагийн дараа эх орны минь өвлийн цангинасан агаар, уул талыг бөмбийтөл хучсан цасан давхаргатай үзэгдлээр солигдоно гэдгийг мэдэж байлаа.

 

Related news