“Номын соёлт ертөнц”-ийн 20 жилийн ойн “Номын баяр” эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас зохион байгуулдаг намрын “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ.
Жилд хоёр удаа буюу хавар, намар зохион байгуулдаг “Номын баяр”-ын 20 жилийн ой ирэх жил тохионо. Харин өнөө жил уг баярыг санаачлагч “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын 20 жилийн ой болж байна. 38 дахь удаагийн “Номын баяр” гурван өдөр үргэлжлэх бөгөөд 200 гаруй хэвлэн нийтлэгч, 250 орчим зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, эрдэмтэн судлаач оролцож байна. Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь хүүхэд залууст ном унших соёл, дадал хэвшүүлэх, номтой нөхөрлөх эерэг хандлага бий болгох, зохиолч, туурвигч, идэвхтэн бичигчид, ном, хэвлэлийн салбар, нийтийн уншлагыг дэмжин сурталчлахад оршиж байна.
Номын баяр жилээс жилд өргөжин тэлж, дунджаар 300 мянга гаруй уншигч хүрэлцэн ирдэг гэсэн статистик гарчээ.
35 дахь удаагийн номын баяраас хойш зохион байгуулагч “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас гадаадын хэвлэн нийтлэгчдэд зориулан “Нөхөрлөлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр гаднын хэвлэн нийтлэгчидтэй харилцаагаа тэлсэн. Энэ хүрээнд энэ намрын баярт зургаан орны зохиолч, хэвлэн нийтлэгч хүрэлцэн иржээ. Сүүлийн таван жилд пянзны моод буцаад дэлгэрсэн. Тэр утгаараа пянз тоглуулагч болон хуучны гадаад дуутай пянз, хуурцаг хүмүүсийн анхаарлыг ихэд татах болсон. Хамгийн их хүн үйлчлүүлдэг асарт пянз зүй ёсоор орно. Түүнчлэн “Чингис хаан” комик цуврал, “Нэпко”, “Интер” номын дэлгүүр, “Альфа бүүк” болон хуучин ном худалддаг асрууд өмнөх жилүүдийн нэгэн адил хамгийн олон хүнтэй байлаа. “Номын баяр”-ын өдрүүдэд цаг агаар дулаан, таатай байгаа нь иргэдэд таатай сэтгэгдэл төрүүлж байна.
Инфлүүсер, сэтгэл зүйчид энэ удаагийн баярт чимэг нэмж байгаа бол спортын сэдэвтэй ном ч цөөнгүй харагдана. Жил бүрийн намрын “Номын баяр”-т хүүхдийн сэдэвтэй ном онцгой байр суурь эзэлдэг. Тэгвэл 19 дэх намрын номын баярт оролцогчдын 70 орчим хувь нь хүүхдийн ном, зохиол, сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, танин мэдэхүйн бүтээл, комик цувралтай байв. Энэ нь намрын “Номын баяр”-т өсвөр насныхан зонхилох болсныг илэрхийлж байлаа.
"Номын баяр"-ын албан ёсны нээлт есдүгээр сарын 20-ны Бямба гарагт 10:00 цагаас болох бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцохоор төлөвлөж байна.