Улсын Онцгой комисстой цахимаар хуралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-05-18 19:17:40

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан аймгуудын Онцгой комиссын дарга нартай цахимаар хурал хийлээ.

Цахим хуралд Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзам оролцож, орон нутагт болж байгаа үйл явдал, “Ковид-19” цар тахлын эсрэг хэрэгжүүлж байгаа ажлаас танилцуулсан байна.

Орон нутагт вакцин хадгалах, агуулах зориулалтын орчин нөхцөлийг бэлтгэх, сайжруулах, алслагдсан аймгууд руу вакцин тээвэрлэх ажлыг шуурхай, тасралтгүй үргэлжлүүлэх зорилгоор ээлжийн жолооч нарыг бэлэн байлгах, өөр аймаг, суманд отор нүүдлээр яваа иргэдээ вакцинжуулалтад хамруулахад онцгой анхаарч ажиллахыг Шадар сайд онцолсон  аж.

​Улсын Онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 22-ноос орон нутгийн зорчих хөдөлгөөнийг нээхээр болсон тул хот хоорондын хөдөлгөөнд хатуу хяналт тавих, тээврийн хэрэгслийн ариутгал халдваргүйтгэл болоод зорчигчдын халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах үүрэг даалгаврыг 21 аймгийн Онцгой комиссын дарга нарт өгсөн байна.

Энэ хугацаанд аймгийн хэмжээнд коронавирусний батлагдсан 50 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд халдвар авсан хүмүүсийн 49 нь эдгэрч, нэг хүний биеийн байдал хүнд байгаа аж.

Related news