Риогийн сэргээшийн лабораторийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТРИО-ДЕ-ЖАНЕЙРО. /АР/. Удахгүй болох гэж байгаа Олимпын наадмын үеэр ажиллах Рио-де-Жанейрогийн сэргээшийн эсрэг лабораторийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлснээ Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг /WADA/ мэдэгдлээ.
Сэргээшийн шинжилгээний лабораториудад тавьдаг олон улсын стандартыг “хангахгүй” байсан учир Бразилын лабораторид олгосон тусгай зөвшөөрлийг хураасан гэж WADA мэдэгдээд, илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.
Рио-де-Жанейро дахь уг лаборатори нь Өмнөд Америк дахь сэргээшийн шинжилгээ хийдэг цорын ганц лаборатори гэнэ.
“Рио-2016” Олимпын наадам эхлэхэд ердөө 40-өөд хоног үлдээд байна.
Тус лабораторид 6 сарын хугацаанд шээс болон цусны дээж авч шинжлэхийг хоригложээ.
Энэ хугацаанд тамирчдаас авсан дээжийг өөр улсад явуулан шинжлүүлнэ гэж WADA мэдэгдсэн байна.
Г.Доржханд
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																		
				
             
                    