Монголын биатлоны спортын хэтийн замналыг түүчээлэх шинэ үеийнхэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-07-05 11:45:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрхэм спорт сонирхогч та бүхэнд өвлийн спортын нэг төрөл Биатлоны спорт олон улсад болон Монголд хэрхэн хөгжиж ирсэн. Мөн Биеийн тамир спортын улсын хороо болон Монголын биатлоны холбооноос үндэсний шигшээ багийг байгуулан эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаа талаар тодруулга, ярилцлагыг толилуулж байна.


Биатлон гэдэг нь нийлмэл спортын төрөл бөгөөд гүйлтийн цана болон буудлага спортыг хослуулсан төрөл гэж болно. Мөн кросс гүйлт, буудлагыг хослуулсан зуны биатлон, түүнчлэн гүйлт, усанд сэлэлтийг хослуулсан орчин үеийн биатлон буюу биатл зэрэг спортын төрөл бий болсон билээ.


Энэхүү биатлоны спорт анх Норвегийн цэргийн бэлтгэлээс үүсч байжээ. 1924 оны анхны өвлийн олимпын хөтөлбөрт биатлоны спорт “Цэргийн манаа” нэрээр багтсан түүхтэй. Улмаар 1928, 1936, 1948 оны олимпын наадмуудад үзүүлэх спорт болж багтсан байдаг. Харин оролцогч орнуудын зарим нь Олон улсын биатлоны холбооноос гаргасан тэмцээний дүрмийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас албан ёсоор олимпын хөтөлбөрт багтаагүй юм байна.



Хуучин ЗХУ болон Швед улсад 1950-иад оны дундуур биатлон эрчимтэй хөгжиж, 1958 онд дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээн болжээ. Улмаар 1960 онд өвлийн олимпын хөтөлбөрт албан ёсоор оржээ. Харин өнөөдөр Биатлон өвлийн олимпын хамгийн үзүүштэй, сонирхолтой спортын төрлийн нэгд багтсан билээ. Мөн 1992 онд Франц улсын Альбервилл хотноо болсон  өвлийн 5 дугаар олимпын наадмаас эхлэн эмэгтэйчүүд биатлоны спортоор олимпын тавцанд өрсөлдөх болсон түүхтэй.


Биатлоны спорт Монголд хэрхэн үүсэж хөгжсөн түүхийг сөхвөл, Монголын ууган спортын нэг цанын спорттой салшгүй холбоотой гэж болно. Манай улсад биатлоны спорт анх 1930-аад онд үүсэж, улмаар 1962 онд Олон улсын биатлоны холбоонд элсчээ. Харин тус холбоо байгуулагдахаас өмнө 1956 онд тухайн үеийн Чехословак улсад болсон олон улсын тэмцээнд Монголын биатлонч оролцсон нь анхны хилийн чанад дахь тэмцээн байв. Тэр жилдээ “Алдар” нийгэмлэгийн дэргэд олон улсын тэмцээнд оролцохоор биатлоны шигшээ багаа байгуулсан түүхтэй.



Олон улсын биатлоны холбоонд элссэнээс хойш нэг жилийн дараа ОХУ, Финляндаас спортын винтов буу оруулж ирснээр мэргэжлийн тамирчдаа бэлтгэж эхэлжээ. Үүний үр дүнд 1964 оны Австри улсын Инсбурк хотноо болсон 10 дугаар өвлийн олимпын наадамд тамирчнаа илгээсэн түүхтэй. Мөн 1978 онд Хандгайт дахь цаны баазад биатлоны анхны олон улсын болох социалист орнуудын нөхөрлөлийн тэмцээнийг зохион байгуулан ЗХУ, Болгар, Чехословак зэрэг 6 орны баг оролцож байжээ.

 

Түүнээс хойш энэ спорт улирлын чанартай эрчимтэй хөгжилгүй байсаар 1990 оноос эдийн засаг, нийгэм цаг үеийн байдлаас шалтгаалан 20 гаруй жил тасарсан юм. Харин 2012 оноос Монголын биатлоны холбоо /МБХ/-г сэргээн шинэчилснээр манай улсад дахин хөгжиж эхэлжээ.



Өнөөдөр МБХ-ны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наран-Идэр тэргүүтэй тус холбоо Олон улсын биатлоны холбоо /IBU/-ны дэмжлэгээр төсөл хөтөлбөрт хамрагдан үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байгаа юм. Тухайлбал, 2020-2021 онд Үндэсний шигшээ баг /ҮШБ/-ийг байгуулан шилдэг залуу тамирчид болох спортын мастер Энхбатын Энхсайхан, ОУХМ Цэрэн-Очирын Адьяажаргал, СМ Мөнхбатын Должинсүрэн, СМ Төмөрийн Ариунболд, СМ Даваадуламын Энхчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тасралтгүй бэлтгэл сургуулилт хийж байна.



Энэхүү ҮШБ-ийн ерөнхий дасгалжуулагчаар олимпын алт, мөнгөн медальт, дэлхийн 4 удаагийн аварга, Беларусь улсын гавьяат дасгалжуулагч Александр Попов ажиллаж байгаа юм. Мөн тосолгооны мэргэжилтэн, дасгалжуулагч Баттүвшингийн Бат-Эрдэнэ, үндэсний шигшээ багийн менежер Бадамдоржийн Лхагвасүрэн нар хамтран ажилладаг.

 

Тэд Монголын биатлоны спортын шинэ үеийн түүхийг бүтээгчид


Монголын биатлоны шигшээ багийнхан Европ тивд бараг жил шахам бэлтгэл сургуулилт хийж, тэмцээн уралдаанд амжилттай оролцоод саяхан эх орондоо ирсэн юм. Багийн менежер Б.Лхагвасүрэнтэй хийсэн ярилцлагыг уншигч та бүхэндээ толилуулж байна.


-Биатлоны спортоор монголчууд анх 1964 оны өвлийн олимпын наадамд оролцсон түүхтэй. Тэгэхээр бидний хувьд энэ спортын түүх, замналтай гэж болно биз?


-Монголчууд хамгийн анх 1964 оны өвлийн олимпод оролцож өвөл, зуны олимпын замнал гараагаа эхэлсэн түүхтэй улс. Миний ажиглаж харснаар биатлоны спортыг сонирхдоггүй монгол хүн гэж ховор юм билээ. Манай холбооны үе үеийнхэн цугларах үеэр би их ховор зүйлс олж, мэдсэн. Биатлонч Б.Дамдинжав гуайн “Инсбрук-1964”, “Гренобль-1968” өвлийн олимпод оролцсон гэрэл зураг, дипломуудын эх хувилбарыг олж авсан юм. Энэ түүхэн зураг, баримт бичгүүдээ жаазлаад холбооныхоо шинэ өрөөнд байрлуулахаар зэхээд байгаа. Монголд биатлоны спорт дөнгөж хөгжиж байгаа спорт бол биш л дээ. Австри улсын Инсбрукт болсон өвлийн олимпын биатлоны 20 км-ийн зайд манай улс Б.Дамдинжав, Б.Дашгай, Ц.Данзан нарын 3 тамирчнаа уралдуулсан түүхтэй. Тухайн үед манай тамирчдын оролцсон төрөлд 87 биатлонч өрсөлдөж Б.Дамдинжав 31 дүгээр байр эзэлсэн. Мөн 1978 онд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 31 дүгээр байрын амжилтаа дахин бататгасан юм билээ. Тэр үеэс Монголд биатлоны спорт 1990 он хүртэл боломжийн хэмжээнд хөгжиж ирсэн. Харин 1990 оноос биатлоны спорт хэсэг хугацаанд зогссон. Ингээд 2012 оноос Монголын биатлоны холбоог сэргээж, үйл ажиллагааг нь шинэчилснээр өвлийн спортын энэ төрөл дахин хөгжих эхлэл тавигдсан юм билээ.


-Биатлоны спортыг хөгжүүлэхэд техник хэрэгсэлээс эхлээд чамгүй их зардал шаардлагатай байх шүү?


-Биатлоны спорт их зардал өндөртэй спорт. Биатлоны хэрэглэлүүд ширхэг ч дутуу байх ёсгүй. Мөн хямд төсөр зүйлсээр орлуулах ямар ч боломжгүй. Тухайлбал, зориулалтын цана, цанын гутал, өмсгөл, буу, сум зэргээс эхлээд хэрэглээний зардал их өндөр байдгаас гадна бэлтгэл хийх чанарын шаардлага хангасан тусгай спортын бааз зайлшгүй хэрэгтэй. Энэ бүхэн цогцоор бүрдэж байж биатлоны спорт хөгжинө. Миний бодлоор тухайн үед ажиллаж байсан хүмүүсийн сэтгэл дутсан уу? Эсвэл тэрийг барьж хөгжүүлнэ гэхээр хөрөнгө санхүү нь үнэхээр дутсан уу?  Яах аргагүй асуудал тулгарч биатлоны спорт маань нэг хэсэгтээ унтарчихсан байсан.



Харин 2013 оноос хойш Монголын баг тамирчид Олон улсын биатлоны холбооны албан ёсны гишүүнээр элссэн тэр цагаас хойш тасралтгүйгээр хөгжиж, тэмцээн уралдаан бүрт тамирчдаа илгээдэг болсон. Гэхдээ тухайн үед Монгол Улсын биатлоны үндэсний шигшээ баг гэж байгаагүй. Биатлоны холбоо маань өөрөө мөнгө цуглуулж байж хүүхдүүдийг боломжоороо бэлтгэж өнөөдрийг хүрсэн.


-Хэзээнээс эхлэн үндэсний шигшээ баг, гадаадын шилдэг дасгалжуулагч багштай болсон билээ?


-Бид 2 жилийн өмнөөс л шигшээ баг ямар бүрэлдэхүүнтэй байх ёстой тийм багийг бүрдүүлж эхэлсэн. Эмэгтэй 4, эрэгтэй 4 гишүүнтэй, мөн дасгалжуулагчтай бүрэн баг бүрдэж чадсан юм. Дутуу хөтүү юм манайд зөндөө байгаа ч монголчуудад бас нэг аз байнаа. 2019 онд зуны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай хүүхдүүд оролцож байхад одооны манай багийн ерөнхий дасгалжуулагч Александр Попов тэнд байж таарсан. Түүнд, манай багийг удирдаж байгаа ерөнхий менежер Пиерро Маганза “Чи нэгэнт энд байгаа юм чинь завтай бол Монголын багийн буудлага дээр нь жаахан туслаад өгөөч цаадуул чинь хүн хүч тааруухан” гэж хэлэхэд нь Попов “тэгье” гээд анх Монголын тамирчидтай нүүр тулсан байдаг юм. Тэр өдрөөс л хойш бидэнд туслая гэдэг шийдэлд хүрсэн нь манай  биатлончдад том аз түшсэн дээ.



Олимп, дэлхийн аварга, алдарт тамирчин А.Поповд манай багаас юу нь таалагдсан гэхээр нэгд, энэ хүн өмнө нь монгол хүүхдүүдтэй ажиллаж үзээгүй, ер нь Азийн багуудтай огт ажиллаж үзээгүй. Хоёрт, Ази ялангуяа монгол хүний тусч, хичээнгүй, хөдөлмөрч зан чанар их таалагдсан юм билээ. Европт хүүхдүүд ихдээ л ганц сар гэрээсээ хол бэлтгэл хийдэг бол монгол хүүхдүүд жил шахуу гэрээсээ хол бэлтгэл хийж байхдаа тэднээс нэг нь ч гэрээ саналаа гэж гомдол гаргадаггүй, дасан зохицох чадвартай, нүүрэмгий, гадаад, дотоод гэж ялгалгүй бүх хүнтэй мэнд устай, цөөхүүлээ болоод ч юм уу бие биедээ үргэлж дэм өгдөг зан чанар нь их таалагдсан гэсэн.


-Монголын биатлоны тамирчид энэ 2 жилд ур чадвар нь нэлээд ахисан болохыг оролцсон уралдаанаас харагдаж байна. Энэ талаар ярина уу?


-А.Попов багш анх хүүхдүүдийг дасгалжуулаад буудаад эхлэх үед жаахан засаж залруулах юм байсан ч тэр дотроо монголчуудын ген чинь юу билээ гэх бодол төрсөн юм шиг байгаа юм. Манай холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наран-Идэр тэргүүтэй хүмүүс А.Поповт манай багийн дасгалжуулагч болооч гэсэн албан ёсны санал тавьсан юм. Энэ үеэс л өндөр ур чадвартай гадаад дасгалжуулагчийн удирдлага дор манай баг дасгал сургуулилт хийж эхэлсэн. Александр Попов бол хуучин ЗХУ-ын буюу өнөөгийн ОХУ-ын шигшээ багийн тамирчин, олимпын алт, мөнгөн медальтай, дэлхийн 4 удаагийн аварга хүн. Манай холбооны хувьдмаш залуу, туршлага багатай холбоо гэтэл энэ хүн тоогоод Монголын залуу тамирчдыг Биатлоны спортын өнөөгийн түвшинд ойртуулж, дэлхийн хэмжээний тамирчид болох суурийг нь тавьчих юмсан гэсэн бодлоор сэтгэл шулуудан өнөөдрийг хүртэл бидэнтэй гар нийлэн ажиллаж байна. Энэ хүн үнэхээр том сэтгэл, зориг гаргасан гэж боддог. 



Өнөө үед дэлхийн спортын чиг хандлагыг харахад, амжилт гаргахыг зорьсон үндэсний шигшээ багууд гадаадын өндөр ур чадвартай дасгалжуулагчгүй байх нь их ховор болжээ. Тухайлбал, Биатлоны спортын алдарт тамирчин, “Биатлоны хаан” хэмээгддэг Норвегийн Оле Эйнар Бьорндален 2019 оны 9 дүгээр сард БНХАУ-ын биатлоны шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажилд томилогдсон бол эмэгтэй багийн дасгалжуулагчаар түүний эхнэр Беларусын алдарт биатлонч Д.Домрачева ажиллаж байна. Биатлоны спорт дотроо хөрвөх чадвартай дасгалжуулагч олон юм билээ. Харин манайд мэргэжлийн дасгалжуулагч байдаггүй болохоор бидний хувьд яг цагаа олсон оновчтой, зоригтой шийдвэр гаргасан гэж боддог.


-Таны хувьд чөлөөт бөх, бокс, жүдо гээд олон спортынхонтой амжилттай хамтран ажиллаж байсан. Харин одоо биатлоны спортыг хөгжүүлэхэд яагаад хүчин зүтгэх болов?



-Би биатлоны спорттой санамсаргүй гэнэт л танилцсан. Анх багийнхаа хүүхдүүдтэй танилцах үедээ өвлийн энэ спортын талаар бараг мэдлэггүй шахам байсан. Тэгээд надад баг авч явах санал ирэхэд нь өөртөө эргэлзсэн ч зориглоод хийгээд үзье гэж шийдсэн. Тэгээд энэ бүх үйл явдал долоохон хоногийн дотор өрнөсөн. Тэр үед “Ковид-19” цар тахал дэгдээд хөл хориотой ч байлаа. Бид чинь PCR шинжилгээнд хамрагдаад л тусгай үүргийн нислэгээр Европыг зорьсон. Тухайн үед гэрийнхэн маань миний шийдвэрийг их гайхсан, яагаад гэвэл тэр үед дэлхий даяар тархчихсан цар тахлаас үүдэн хүн бүхэн л эх орондоо очих юмсан гэж монгол руу тэмүүлж байхад бид хилийн чанадад урт хугацааны бэлтгэлд гарч байлаа шүү дээ.



Эндээс л би хүүхдүүдтэйгээ хамт биатлоны талаар судалж, суралцаж эхэлсэн. Спорт нь өөрөө миний хувьд шинэ байсан болохоос биш баг авч явах талаар асуудал гараагүй ч цаг хугацааны хувьд нэлээн урт байсан шүү. Бид 2020 оны 7 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл Беларусийн Минскт зун, намрын бэлтгэлээ хийж байгаад тэгээд шууд өвлийн цасны бэлтгэлээ Австри улсад очиж хийсэн. Он гараад Олон улсын биатлоны холбооноос зохион байгуулсан цуврал тэмцээнд оролцсон.


Манай хүүхдүүдийн хувьд цана суурьтай хүүхдүүд байсан. Биатлончид ярихдаа цана суурьтай хүн биатлонч болдог, харин буудлага суурьтай хүн биатлонч болдоггүй гэж ярьдаг юм билээ.  “Ковид-19” цар тахлаас болоод залуучуудын насны бүх тэмцээн цуцлагдсан ч манай хүүхдүүд насанд хүрэгчдийн төрөлд өөрсдөөсөө ахмад хүмүүстэй өрсөлдсөн. Харин ДАШТ-д л зөвхөн залуучуудын насны ангилалд тэмцээн зохион байгуулсан. Манай хүүхдүүдийн дундаж нас нь дөнгөж 19, биатлонд 22-оос дээш настай бол насанд хүрэгчдийн төрөлд өрсөлдөх эрхтэй байдаг.


-Биатлоны спортыг сонгосон монгол хүүхдүүдийн бэлтгэл, ур чадварын талаар дасгалжуулагч болон таны сэтгэгдлийг сонсвол?


-Манай А.Попов багш монгол хүүхдүүдийг хамгийн их үнэлсэн нэг онцлог чанар гэвэл асар удаан хугацаанд гэрээсээ, эх орноосоо өөр газарт байгаа ч тухай орчинд хурдан дасан зохицдог, тэсвэр тэвчээртэй зан чанар гэж хэлдэг юм. Цаг үеийн нөхцөл байдал хэвийн байсан бол бид сургуулилтынхаа дундуур 5-7 хоног эх орондоо буцаж ирээд хүүхдүүдээ гэрт нь амраах байсан ч цар тахлаас болоод тийм боломж олдоогүй. Манай хүүхдүүд эх орноосоо хол 9 сар гаруйн хугацаанд бэлтгэлээ хийж тэмцээндээ амжилттай оролцож байгаад л ирсэн.



Миний ажигласнаар монгол хүүхдүүд хөлд орохоосоо өмнө шахуу морин дэл дээр гардаг шиг европ хүүхдүүд 2 нас хүрээд л цанын спортоор хичээллэдэг нь тэдний хувьд үнэхээр том давуу тал юм гэдгийг мэдэрсэн. Тэд багаасаа цанаар хичээллэсэн болохоор айдас нь арилчихсан, эвсэл бий болчихсон байдаг юм билээ. Харин тэсвэр хатуужлаараа монгол хүүхдүүд илүү байдаг шүү. 


-Монгол хүүхдүүд энэ спортоор амжилт гаргах боломж байгаа л юм байна?


-Манай багийн Энхбатын Энхсайхан гэж хүү Швейцар улсад болсон залуучуудын олимпоор 12 дугаар байранд орсон нь манайд урд хожид гарч байгаагүй том амжилт болсон. Тэр үед Энхсайханаас Чи хэр удаан буудаж байна? гэж гадныхан асууж байсан. Тэгээд ердөө жил хүрэхгүй хугацаанд л ийм мундаг буудаж байгааг гайхаж байв. А.Попов багш үүнийг монголчуудын гентэй их холбож боддог юм билээ. Дайчин удамтай цэц мэргэн хүмүүс гэдэг дүгнэлтэд хүрсэн гэдэг. Би ч бас тийм ч оргүй хоосон дүгнэлт гэж боддоггүй. Ур чадвараар дутмаг байж болох ч энэ спортдоо дуртай, яг багшийнхаа зааврыг дагаад хийдэг, хичээнгүй байхад манай хүүхдүүд амжилтад хүрнэ гэсэн итгэл дээр дасгалжуулагч, бид хоёр нэг бодолтой гэж болно.



-Биатлоны үндэсний шигшээ багийн энэ тамирчин хүүхдүүд Монголын биатлоны шинэ үеийн хөгжлийн түүчээ болох нь тодорхой. Энэ талаар та юу хэлэх бол?


-Манай багийн хүүхдүүдийн зарим нь 10 жилийнх, зарим нь дөнгөж л төгссөн. Хичээл номын хувьд бол тамирчин гээд л зохицуулагддаг байх. Монголын ирээдүйн Биатлоны мэргэжлийн багш нар энэ хүүхдүүдээс л төрөх байх. Та нар Монголын биатлоны шинэ түүхийг бичиж байгаа хүмүүс гэж би хүүхдүүддээ хэлдэг юм. Бидний түүхийн номын эхний хуудас нь та нар шүү гэдэг. Энэ жил манай 2 тамирчин хүү маань Минскт биатлоны дасгалжуулагч мэргэжлээр сурья гэж надад хэлэх үед тэднийгээ ухаан сууж, ухаарч байгааг харахад сайхан санагдсан. Биатлоны спортыг Монголдоо дэлгэрүүлж хөгжүүлж авч явах хүмүүс бол та гэдгийг хүүхдүүдээ алхам тутамд нь хэлж байгаа. Тэд үүнийг сайн ойлгодог.



Манай хүүхдүүд бэлтгэлд нь юу сөргөөр нөлөөлж байгааг ухаарч, ойлгох болсон байна лээ. Манайд иж бүрэн комплекс бэлтгэл хийх нөхцөл байхгүйг ухаараад гэр бүлээсээ хол ч гэсэн бэлтгэлд гарахад хэзээд бэлэн байдагт нь үргэлж бахархдаг. Биднийг сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт манай хамт олон итгэлтэй байна.















Related news