Л.Алтай: Хүн хөдөлмөрлөж чадвал байранд амьдрахаас илүү гэр хороололд тохилог амьдрах боломж бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-07-06 12:54:49

Увс /МОНЦАМЭ/. "Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо"-ны Увс аймаг дахь салбарын тэргүүн, "Шинэ ургац арвин" ХХК-ийн захирал, Улаангом сумын 6-р багийн иргэн Л.Алтайтай ярилцлаа. Тэрбээр хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэн хашаандаа сайхан амьдрах, орлого олох боломжийг бүрдүүлжээ.


-Та хэдийнээс газар тариалан эрхлэх болсон бэ?

-Би ззэмшсэн мэргэжил, сонирхолдоо татагдаж сүүлийн 40 орчим жил газар тариалан эрхэлж байна. Тэр дундаа хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэн хөдөлмөрийн үр шимээ хүртээд амьдарч байна. 1986 онд Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникум, 2001 онд ХАА-н дээд сургуулийг төгсөөд 2003 онд ХАА-н ухааны магистрын зэрэг хамгаалсан. Одоо мэргэжлээрээ докторантурт суралцаж байна. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Увс аймаг дахь салбарт 35 жил ажилласан. 

Сургуулиа төгсөж ирээд Улаан толгойд чацарганы аж ахуй эрхэлж байлаа. 1996 оноос хашаандаа сайхан амьдрах боломжийг эрэлхийлэн, нэмэлт орлоготой болохын тулд газар тариалангийн ажилд татагдсан. Анх бөөрөнхий байцаа тарьж байсан.

Сүүлд хашаандаа хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэн одоогоор 8 хүлэмжтэй болсон. Өргөст хэмх, чинжүү, улаан лооль, бууцай, яншуй, чинжүү зэрэг 8 нэр төрлийн нарийн ногоо тариалдаг. Хүлэмж тус бүрт нарийн ногоог төрөлжүүлээд тариална. Мөн үхрийн нүд, чацаргана, алим, улаалзгана зэрэг 7 төрлийн жимсний мод, сонгино, саримс, байцаа хүнсний ногоо тарьж байна. Алимны мод гэхэд 8 жилийн дараа ургацаа өгсөн. Монголчууд чинжүүний хэрэгцээг гол төлөв хятад улсаас хангаж байна. Иймд алимны мод, чинжүүг бага хэмжээгээр тариалах болсон. Манай "Шинэ ургац арвин" ХХК-ийн хувьд олон нэр төрлийн чанартай, эрүүл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчдийн гарт хүргэдэг.

-Хашааны нөхцөлд тариалалт хийхэд зай талбай хэр хүрэлцээтэй байдаг вэ?

-Газар тариалангийн ажилд талбайн их, бага чухал биш. Бага талбайгаас ч их ургац авах, орлого олох боломжтой гэж үздэг. Гэхдээ манай компанийн хувьд жил ирэх тутамд хүлэмж, жимсний мод, байцаа зэрэг тариалалтын нэр төрлөө нэмэгдүүлдэг болохоор газрын асуудал тулгамдаж байна. Энэ жил өвлийн хүлэмж барихаар төлөвлөсөн. Ер нь хашаанынхаа зай талбайг зөв ашиглаад харьцангуй олон төрлийн нарийн ногоо тариалж, үр шимээ ч чамлахааргүй хүртэж байна.

-Хашаандаа сайхан амьдрах боломжтой гэдгийг бусдад үлгэрлэж байгаа тань сайхан байна шүү?

-Манайх хашаагаа хүлэмжийн аж ахуй, жимс жимсгэнэ, хүнсний ногоо зэрэг 3 төрлөөр эмх цэгцтэй тохижуулсан. Өрхийн аж ахуй эрхлээд хашаандаа сайхан амьдрах боломжтой. Мөн давхар орлого олох боломж бий гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн. Энэ ч утгаараа өнөөдрийг хүртэл цаг наргүй хөдөлмөрлөж бүтээсэн аж ахуй, хашаа хороо минь ногоон төгөл мэт болж, эндээ гэр бүлээрээ тухтай амьдрах нөхцөл боломж бүрдсэн. 

Манайх хашаандаа хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулах цех, 50 тоннын багтаамжтай зоорь, гал зуухны саравч, мөн усанд орох дүш, гэр дотроо автомат угаалгын машин ашиглах, аяга угаах асуудлыг хүртэл шийдсэн байгаа. Тэрчлэн худагтай, усалгааны асуудлаа давхар шийдсэн. Ер нь хүн хөдөлмөрлөж чадвал байранд амьдрахаас илүү гэр хороололд тохилог амьдрах боломж бий.

-Хөдөлмөрийн үр шимээ хэрхэн хүртэж байна?

-Энэ жилийн тухайд анхны ургацаа 6-р сарын 10-нд хураан авсан. Хүн амыг эрүүл хөрсөнд ургасан эко бүтээгдэхүүнээр хангаж байна. Ялангуяа байцаа, өргөст хэмх зэрэг нарийн ногоог иргэд түлхүү хэрэглэдэг. Энэхүү өрхийн аж ахуйгаараа жилдээ 50 сая төгрөгийн орлого олдог гэж тооцвол дунджаар 5-10 сая төгрөгийн ашиг олдог. Харин аж ахуйгаа өөд нь татах, өргөжүүлэх, тариалалтын бэлтгэлээ хангах ажилд мөнгө санхүү их зарцуулна. Энэ жил мөн тодорхой ажлууд хийнэ. Тухайлбал өвлийн хүлэмж барихаар төлөвлөсөн. Миний хувьд орон сууцанд амьдрах бус хашаандаа үржил шимтэй хөрсөө ашиглаад орлого олох, хүн амыг эко бүтээгдэхүүнээр хангах бүрэн боломжтой гэдгийг харуулахыг хүсдэг дээ.

-Хөдөлмөр хөнгөвчлөх техник хэрэглэж байна уу?

-Миний ханийг Ч.Дэлгэрмаа гэдэг. Нягтлан бодогч мэргэжилтэй. "Шинэ ургац арвин" ХХК-ийн борлуулалт, санхүүгийн асуудлыг хариуцаж ажилладаг. Мөн гэр орны ажил, тариалалтын ажилд туслах гээд маш олон зүйлд ханийн маань дэмжлэг их байдаг. Том хүүдээ мэргэжлээ өвлүүлээд ХААИС-ийн агрономийн ангид сургасан. Энэ жил сургуулиа амжилттай төгслөө. Газар тариалангийн ажил уйгагүй хөдөлмөр шаарддаг учраас ажилчдын хэрэгцээ их байдаг. Одоогоор үндсэн 4 ажилтантай, зарим үед ажилчдынхаа тоог нэмэгдүүлээд ажилладаг.

-Та "Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо"-ны Увс аймаг дахь салбарын тэргүүн. Тэгэхээр холбооныхоо талаар яриач?

-Увс аймагт анх 1993 оноос хүнсний ногооны үр үржүүлэх ажил эхэлсэн түүхтэй. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжиж, өрхийн үйлдвэрлэгчид бий болсноос үүдэн хүнсний ногооны үрийн чанар муудаж, үнийн хөөрөгдөл бий болсон. Иймээс 2009 онд энэхүү холбоог байгуулсан. Манай холбоонд 40 гаруй иргэн бий. Ер нь үр үйлдвэрлэнэ гэдэг бол хоёр жилийн уйгагүй хөдөлмөр шаарддаг ажил. Анх үрээр нь хүнсний ногоогоо тариад, хурааж аваад, үүнийгээ стандартын дагуу хурааж дардаг. Түүнийгээ хянан баталгаа хийлгүүлээд, зооринд хадгалан, хавар эргүүлж тарьдаг.

Увс аймгийн хувьд Монгол Улсын үрийн хэрэгцээг дангаараа хангаж байна. Өнгөрсөн жил цаг агаарын байдлаас шалтгаалан шар манжингийн ургац алдахад улсын хэмжээнд шар манжингийн үрийн үнэ огцом нэмэгдсэн. Хоршоолсон хэлбэр бидний хэсэг нөхөд үр үйлдвэрлэх, үрийн хэрэгцээг хангах чухал ажилд бодитой хувь нэмрээ оруулж байна.

-Аливаа ажлыг сэтгэлээсээ хийх нь чухал байдаг. Та олон жил уйгагүй хөдөлмөрлөхдөө төвөгшөөсөн үе бий юу?

-Газар тариалангийн ажил эрхлээд 40 гаруй жил болсон байна. Ер нь хашаанаасаа, гэрээсээ гарах дургүй. Амьдралынхаа ихэнх хугацааг энэ л хашаандаа дуртай ажлаа хийнгээ орлого олоод амьдарч байна. Аль болох өрхийн аж ахуйгаа илүү өргөжүүлэхийг хүсдэг. Хашаандаа байгаа хэрнээ өглөөнөөс орой хүртэл гэртээ орох завгүй ажиллана. Цаашид төр засгаас газар тариалан эрхлэгчдийг дэмжээд өгвөл олон хүнийг сургаад ажилтай, орлоготой болгохыг зорьдог.

-Баярлалаа.

 

 

Related news