Сонгогчийн ирц Дорноговьд 55.39, Говьсүмбэрт 63,13 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-29 18:16:14

УИХ-ын болон аймгийн ИТХ-ын сонгуулийн санал авах үйл ажиллагаа Дорноговь аймагт хэвийн үргэлжилж байна. Энэ өдрийн 17 цагийн байдлаар УИХ-ын 13 дугаар тойрог Дорноговь аймагт 31155 сонгогч санал өгөхөөр бүртгүүлснээс 17257 сонгогч саналаа өгч сонгуулийн ирц 55.39 хувьтай байна.

Харин УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог буюу Говьсүмбэр аймагт 20762 сонгогчийг саналын хуудсанд тэмдэглэснээс 13107 сонгогч санал өгч ирц 63.13 хувьд хүрчээ.

Дашрамд дурдахад энэ өдрийн 12 цагийн орчимд Дорноговь аймгийн хэмжээнд сонгуулийн ирц 25.45 хувьтай байв. Мөн тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 41760 сонгогч санал өгөхөөр бүртгүүлснээс 24060 сонгогч санал өгч ирц 57.62 хувьтай болжээ.

Замын-Үүд сум 47.61 хувь буюу хамгийн бага ирцтэй байгаа бол тус аймгийн Сайхандулаан сумын сонгогчдын 74.85 хувь нь саналаа өгч аймгийн хэмжээнд ирцээр тэргүүлж байна.

Сонгогчид саналын хуудсыг дугуйлахдаа өөрийн дэмжиж байгаа нэр дэвшигчээс гадна мандатын тооноос илүү дугуйлах, нугалах зэрэг зөрчил гарч байгааг  албаныхан хэллээ.

Х.Эрдэнэбулган

Related news