Говь-Алтайд МАН олонх боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-06-30 13:34:49

Говь-Алтай аймгийн хэмжээгээр 27 тойргийн 87 хэсгийн хороонд 35509 сонгогч саналаа өгөх бүртгэл гарсан бөгөөд 70 орчим хувь нь сонгуульдаа оролцжээ.

Тэд УИХ–ын  сонгуульд АН, МАН гэсэн улс төрийн 2  нам, бие даан нэр дэвшигч 3 бүгд 5 нэр дэвшигчээс МАН-аас нэр дэвшигч Шатарбалын Раднаасэдийн төлөө дийлэнх нь саналаа өгчээ. Харин аймгийн ИТХ-д 4 намаас нэр дэвшиж байгаа 118, бие даагч 5, нийт 123 нэр дэвшигчдээс сонголтоо хийснээр нийт 41 мандатын 21 нь МАН, 17 нь АН, 2 нь МАХН, 1 нь бие даан нэр дэвшигч тодрох урьдчилсан дүн гарч байгаа гэнэ.

Санал хураалтын үеэр ямар нэгэн зөрчил, техникийн саатал гараагүй хэвийн явагджээ. Тус аймгийн хэмжээгээр сонгуулийн тойрог хэсгийн хороодод 555 төрийн албан хаагч, мэдээлэл технологын багт 105 бүгд 660 хүн ажиллаж байна. Хөхморьт, Бугат, Төгрөг, Баян-Уул, Тонхил, Шарга, Чандмань сумдын сонгогчид хамгийн өндөр хувьтай саналаа өгсөн байна. Зарим холын сумдын мэдээ бүрэн ирээгүй, сумдын тойргийн хороод эцсийн дүн мэдээгээ өгөөгүй байна гэж аймгийн Сонгуулийн хороо мэдээллээ.

                                                                                                              Говь-Алтай Ш.Цоодол

Related news