"Говийн зэрэглээ" аялал жуулчлалын төв нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-10-01 11:10:20
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Хулд суманд хэрэгжиж буй “Говийн зэрэглээ” төслийн нээлт 9 дүгээр сарын 30-нд сумын төвд боллоо.

Тэртээх 40 гаруй жилийн өмнө монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн “Говийн зэрэглээ” киноны зургийг тус суманд авч, кино зургийн хальснаа үлдсэн холбооны жижигхэн цагаан байшин сумын төвд хуучирч, муудсан байсныг төсөл санаачлагчид онцолсон юм.

Энэхүү төсөл нь “Говийн зэрэглээ” киноны үйл явдалд холбогдох холбооны энэ жижиг барилгыг түшиглэн “Жуулчны мэдээллийн төв” болгож, энэхүү төвийн үйл ажиллагааг тэмээний өв соёл, аж ахуй, ашиг шимтэй нь холбон өгч аялал жуулчлалыг хөгжүүлэх санааг агуулсан байдаг.

Төслийн нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн дарга, ШХА-ын хэрэгжүүлж буй “Малын эрүүл мэнд” “Ногоон алт” төслийн ерөнхий менежер Ц.Энх-Амгалан, Хулд сумын Засаг дарга П.Бямбалхагва, төслийг санаачлагч, “Ногоон алт” төслийн зөвлөх Н.Баасанхүү, тус төвийг дэмжин хамтран ажиллах малчид оролцжээ.

Киноны үйл явдлыг эргэн санавал холбооны жижиг цагаан байшин, холбоочин Номин, Арслан, түүний унадаг байсан трактор, сургуулийн багш залуу, унадаг дугуй гээд дүр зургууд сэтгэлд хөвөрдөг. Энэ дүр зургийг нээлтийн үеэр харуулж, нээлтийн бүхий л үйл явдал уг киноны дүр зурагтай холбогдож байсан нь энэхүү нээлийн үйл ажиллагааны онцлог юм.

Аялал жуулчлалын энэхүү төвийг дэмжин ажиллах малчдын “Дорж сэвэр уулын хишиг” малчны хоршоо байгуулсныг нээлтийн үеэр зарлаж, Улсын бүртгэлийн гэрчилгээг хоршооны даргаар сонгогдсон С.Хорлоод гардуулж өгсөн.

Төслийн хүрээнд хамтран ажиллах 50 малчин тус бүрд 300,0 мянган төгрөгийн ингэний айраг исгэх модон ган, саалийн хувин, сүү, хоормогоо  тээвэрлэх 40 литрийн бидон, ингэ саах саалийн хувингийн бэхэлгээг хүлээлгэн өгсөн юм.

Аялал жуулчлалын төв нь кофе шоп, орчин үеийн интернэтийн сүлжээ бүхий цахим төхөөрөмж, компьютер тоноглолоор бүрэн тоноглогдсоноос гадна тус байранд “Говийн зэрэглээ” киноны үйл явдлыг харуулсан сурталчилгааны самбар, холбогдох эд зүйлсийг байрлуулж, гадна талбайд “Арслангийн трактор”-ыг бодитоор байрлуулсан байна. Киноны зураг авах үеэр тарьсан байсан жижигхэн мод хүртэл байшингийн гадна ургасаар байдаг. 

Related news