Б.Баяраа: ЭЕШ өгсөн хүүхдүүдийг онооны дарааллаар жагсаахад эхний 30-д манай ангийн 10 гаруй сурагч орсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-10-06 16:17:13

Увс /МОНЦАМЭ/. Багш нарын баярын өдрийг тохиолдуулан Улаангом сумын Улсын тэргүүний цогцолбор 2 дугаар сургуулийн математикийн багш Б.Баяраатай ярилцлаа. Түүний шавь Э.Зулбилэг энэ жилийн ЭЕШ-д 800 оноо авч аймагтаа тэргүүлсэн амжилтыг үзүүлсэн юм.


-Өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?

-Намайг Болдын Баяраа гэдэг. Увс аймгийн Улаангом сумын Улсын тэргүүний 2-р цогцолбор сургуульд математикийн багшаар ажилладаг. Ховдын багшийн их сургуулийн математикийн ангийг төгсөж ирээд боловсролын байгууллагад ажиллаад 15 жил болж байна. Ажлын гараагаа өөрийн төрөлх сум болох Тэс сумын 10 жилийн сургуулиас эхэлж, долоон жил ажилласан. 2013 оны намар аймгийн төвд шилжиж ирснээс хойш энэ сургуульдаа 8 дахь жилдээ ажиллаж байна.

-Ажиллах хугацаандаа гаргасан амжилтаасаа хуваалцаач?

-Багш хүний амжилтын үндэс бол шавь нар байдаг. Тэс суманд ажиллаж байхад миний шавь Буянтогтохын Билгүүн гэж хүүхэд ЭЕШ-д математикаар аймагт тэргүүлж байсан. Мөн аймгийн олимпиадаас шавь нар маань алт, мөнгө, хүрэл медаль авч байсан. 2013 онд Тэс сумаасаа улсын математикийн олимпиадад оролцох багийг хариуцан авч явж байлаа.

Улаангом сумын Улсын тэргүүний 2-р цогцолбор сургуульд багшлах  болсноос хойш шавь нар маань багагүй амжилт гаргасаар байна. Тухайлбал, 2020-2021 оны хичээлийн жилд миний шавь Эрдэнийн Зулбилэг Элсэлтийн ерөнхий шалгалтаар математикийн хичээлээр 800 оноо авч аймагтаа тэргүүлсэн.

-Багш хүний хувьд шавь нараа бэлдэхдээ юунд голчлон анхаардаг вэ?

-Шавь нараа эхлээд математикийн хичээлд дур сонирхолтой болгох ёстой. Тухайн хүүхэд хичээлдээ дуртай болсноороо ихэд сонирхож, цаашдаа амжилт гаргах үндэс болдог. Мөн хүүхдүүдээ тогтвортой суулгаж сургах хэрэгтэй. Сайн сууж сураад хэцүү бодлогыг бодож чадсан хүүхэд түүнээсээ урам авч улам цаашаа хөгждөг.

-Сүүлийн жилүүдэд цар тахлын улмаас хичээл сургалтын үйл ажиллагаа тогтмол явагдахгүй, хүндрэлтэй байсан. Энэ хүнд үед шавь нараа хэрхэн бэлдсэн бэ?

-Тийм ээ, цар тахлын үед амаргүй байсан. Арга ядахдаа гэртээ 2-3 ширээ, сандал тавиад ковидын дэглэмийг сайтар баримтлан шавь нараа ЭЕШ-д бэлдэж, давтлага өгсөн. Анх 2014 онд энэ сургуульд ирээд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 6 дугаар ангийг дааж авсан. Тэд маань энэ жил 12 дугаар анги төгслөө. Энэ жил төгсөж байгаа хүүхдүүдээс маань математикаар Э.Зулбилэг 800 оноо авсан бол н.Саруулзаяа гүйцэтгэл 93 хувьтай байж эхний 10-т жагссан. Мөн физикийн хичээлээр А.Номиншагай 2 дугаар байрт орсон бол англи хэлний хичээлээр Л.Энхбүжин мөн 2 дугаар байрт шалгарсан. Түүнчлэн орос хэлний хичээлээр Б.Энхжаргал 2 дугаар байрт орсон. Энэ жил Увс аймгаас Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн хүүхдүүдийг онооны дарааллаар жагсаахад эхний 30-д манай ангийн 10 гаруй сурагч орсон. Манай ангийн 28 хүүхдийн 26 нь математикийн хичээлээр шалгалт өгсөн.

Энэ жилийн хувьд 6д бүлгийн анги даасан багшаар сонгогдон ажиллаж байна. Мөн 12 дугаар ангийн 2 бүлэгт математикийн хичээл зааж байгаа. Одоогоор хичээл цахим болон танхим хосолсон сургалтаар орж байгаа. Цахимаар хичээллэхэд тухайн хүүхдийн орчин их нөлөөлж байна. Тухайлбал, ухаалаг утасгүй хүүхэд байна, мөн дата байхгүй тохиолдол ч бий. Энэ мэт шалтгаанаас болоод цахим хичээлд хамрагдаж чадахгүй хүүхэд олон байх жишээтэй. Цахимаар орсон хичээлээ цаасан дээр хэвлээд сурагч нартаа өгч байгаа.

-Багш нарын баярыг тохиолдуулаад нийт сурган хүмүүжүүлэгч нартаа хандаж юу гэж хэлэх вэ?

-Боловсролын салбарт ажиллаж байгаа нийт багш, сурган хүмүүжүүлэгч нартаа багш нарын баярын мэндийг Монгол Улсад боловсролын салбар үүсч хөгжсөний 100 жилийн түүхт ойн мэндтэй хамтатган хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Миний өдий зэрэгтэй яваа маань Тэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн үе үеийн багш нар болон Улаангом сумын Улсын тэргүүний 2-р цогцолбор сургуулийн хамт олны хүч хөдөлмөр, дэм тус тул энэ бүх хүмүүст баярлаж талархаж явдгаа илэрхийлье.

Мөн шавь нартаа хандаж хэлэхэд эхлээд зорилгоо зөв тавь, тэгээд зорилгодоо хүрэхийн тулд тууштай хөдөлмөрлөж хичээхээс гадна мэргэжлээ зөв сонгоод улс эх орондоо хэрэгтэй хүн болоорой хэмээн захих байна.

-Баярлалаа. Ажилд нь улам их амжилт хүсье.


Related news