Оюутны байрны цахилгаан хэрэглээнийхээ 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээс авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-10-07 23:36:54
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. ШУТИС-ийн харъяа "Эрдэнэт цогцолбор" дээд сургууль нарны эрчим хүчийг ашиглан оюутны байрны цахилгааныхаа 30 хувийг үйлдвэрлэж, жилд 1.4 сая төгрөгийи хэмнэлт гаргаж байна.

Тодруулбал, тус сургуулийн Эрчим хүч мэдээллийн технологийн тэнхимийн дэд профессор, доктор Б.Хээрийнбаатар 2018 онд Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлсэн Дээд боловсролын шинэчлэлийн төсөл-д хамрагдаж 28 сая төгрөгийн санхүүжилт авчээ.  Тэрээр сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны асуудлаа шийдэж оюутан, төгсөгчдөө сэргээгдэх эрчим хүч ашиглах чадвартай болгоно гэсэн зорилгоор уг төсөлд хамрагдаж ажлаа эхлүүлж байжээ. Ингээд санхүүжилтээ авсны дараа хоёр жил гаруй ажиллаж Нарны судалгааны лаборатори -оо байгуулсан байна.

Төслийн үр дүнд сургуулийнхаа оюутны байрны цахилгаан хэрэглээний 30 хувийг нарны эрчим хүчээс авч байна. Нэг жилийн хугацаанд 8800 кВт цаг эрчим хүч үйлдвэрлэж, 1.4 сая төгрөгийн хэмнэлт гаргаад байна. Энэ нь орон нутагтаа төдийгүй нийт ШУТИС-ийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүч ашиглах салхийг хагалсан томоохон ажил болжээ.

Цаашид судалгааны лабораторидоо нарны төхөөрөмжийг нарны байршил, улирлын байдлаас хамааран оновчтой ашиглах суурь судалгаа хийж,  Орхон аймгийн нутаг дэвсгэрт нарны эрчим хүч ашиглах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн,  мэдээллийн баазыг бий болгохоор зорьж байгаа ажээ.  

Related news