А.Амарын талбай хүн, ном хоёроор дүүрэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-10-11 16:04:00
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Ном бол өөрийгөө таних гол зэвсэг хэмээн Номын баяр өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагааны үеэр нэгэн танил маань хэлээд хамтдаа номын асар хэсэх үү гэлээ. Тэрээр өөрийнхөө сэтгэл оюуныг төвшитгөх, оюун бодлоо цэгцлэх ном хайж байгаагаа хэлээд бид сэтгэл зүйч, сэтгүүлч, яруу найрагч, философич, орчуулагч, нийтлэлч гэсэн олон автор той асраар орлоо. Тэрээр Эрдэнэтийн сэтгүүлч, орчуулагч Б.Баттогтохын орчуулсан А.Камюгийн  Тахал романыг барьж үзсэнээ энэ цаг үед тохирсон ном юм, гэхдээ би өөр ном хайж байна гэсээр цааш тавилаа. Би уншсан хүнийхээ хувьд та наад номоосоо нийгмийн тахлыг олж харна. Өөрийгөө хайгаад байгаа гэлүү, тэгвэл авахад гэмгүй гэж зөвлөсний дагуу  тэрээр худалдан авлаа.

Номын баяр-ын өдөрлөг ингэж эхэлж байна. Орхон аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж буй уг үйл ажиллагаанд Улаанбаатар хотоос 60 гаруй зохиолч, уран бүтээлчид иржээ. Үүн дээр  Эрдэнэтийн зохиолчид нэмэгдээд А.Амарын талбай өнөөдөр ном, хүн хоёроор дүүрэн байна.


Нээлтийн үйл ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга С.Батжаргал:  Орхон аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хүрээнд зохион байгуулж буй Соёлыг түгээе аяны нээлт Номын баяр-аар эхэлж байна. Цар тахлын энэ үед хүмүүсийн сэтгэл санаа тогтворгүй байгаа ч мэдлэг оюунаа тэлж стресс бухимдлаас гарах арга бол ном унших юм шүү хэмээн онцолсон юм.


Үндэсний номын баярыг санаачлагч, Номын соёлт ертөнц ТББ-ын тэргүүн Б.Сувд: Үндэсний номын баярыг энэ жил УИХ-аас нийтээр тэмдэглэх ёстой 15 өдрийн нэг болгон хуульчилсан. Хуулийг түгээн дэлгэрүүлэх энэ ажил Орхон аймгаас эхэлж  Номын баяр- аа тэмдэглэж байгаад баяртай байна. Өнөөдрийн энэ үйл ажиллагаанд 60 гаруй зохиолч, уран бүтээлчид Улаанбаатар хотоос ирсэн. Хүн бүр өдөр бүр ном уншиж өөрөө өөрийгөө хөгжүүлж байгаарай, эцэг эхчүүд үр хүүхдүүдэдээ ном уншихын ач тусыг ойлгуулж өөрсдөө үлгэрлэж байгаарай” гэсэн юм.


Сэтгүүлч, орчуулагч Б.Баттогтох:  "Эрдэнэт хотын 45 жилийн ойг тохиолдуулаад энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаад баяртай байна. Хүн бүр л энэ ойд өөрийнхөө чаддаг, мэддэг зүйлээр хамтран ажиллаж байгаа. Би Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг 1974-1978 онд бүтээн босгоход удирдан зохион байгуулсан ЗХУ-ын Хөдөлмөрийн баатар, А.В.Чекашовийн Эрдэнэт миний үйл хэрэг номыг орчуулж дууссан. Үүнийгээ удахгүй хэвлүүлнэ. Мөн сэтгэлгээний хаяаралд хүрэх, өөрсдийгөө ажиж сурахыг зөвлөсөн Далай багшийн Америкийн сэтгэл судлаач, тархи судлаач Пол Экмонтой  хийсэн ярилцлагыг орчуулаад дууслаа" гэсэн юм.

Ийнхүү Орхон аймагт Номын баяр эхэллээ. Хоёр өдрийн турш А.Амарын талбайд зохиолч, уран бүтээлчдийн номын үзэсгэлэн худалдаа гаргах бол гурав дахь өдрөө зохиолч, уншигчдын уулзалт болно. Өдөрлөгт оролцож буй хүмүүсийн дийлэнх нь залуус байлаа. Тэд цар тахлын энэ үед гэр-сургууль-ажил гэсэн замаар зорчиход уйтгартай байсныгаа ч хөөрөлдөцгөөж байв. Сүүлийн үед чи хэний номыг уншиж байна гэдэг үг энэ өдөрлөгийн хамгийн сайхан үг байлаа. 



Related news