ЖДҮ эрхлэгч нарт ажлын байр хэрэгтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-10-12 16:44:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр ЖДҮ-ийн үзэсгэлэн худалдаа, өдөрлөг эхэллээ. Уг үйл ажиллагааг “Нэг ч ЖДҮ эрхлэгч хөгжлөөс хоцрох учиргүй” уриан дор жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилготой зохион байгуулж буйг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн тодотгов.




Нийслэлийн 9 дүүргийн 130 гаруй ААН, байгууллага, иргэн оролцож, 1500 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулан, хямдралтай үнээр худалдаж буй уг өдөрлөгийн үеэр зарим хувиараа хөдөлмөр эрхлэгчтэй уулзлаа. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн Г.Лувсанням, “Би 2  хүүхэдтэйгээ  хамт, 150 мянган төгрөгөөр  подвал түрээслэж  гутал  хийдэг. Адууны  арьс, эсгий,  ноосоор  хийдэг. Том  жижгээсээ  хамаараад нэг гутлыг 250-270 мянган төгрөгийн  үнээр борлуулдаг” гэв.




Өмнө нь тэр “Алтжин бөмбөгөр худалдааны төвд лангуу түрээсэлж байсан боловч сарын 500 мянган төгрөгийн түрээсийн төлбөрийг төлж чадахаа болиод одоо  Хархорин зах  дээр зогсож  гутлаа  зардаг болжээ.  Тэрээр, “Хотоос зохион байгуулж буй өнөөдрийн өдөрлөг тус болж байна. Үдээс өмнө 4  гутал  зарлаа. Өөрийн гэсэн үйлдвэрээ нээгээд үйл ажиллагаа явуулах ажлын байр байхгүй учраас их хэцүү байдаг. Хэрэв ажлын байр талбайтай болбол бидний амьдралд их хэрэгтэй байна гэсэн юм.




Өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлөн оролцож буй Ч.Цэндтэй уулзвал, “Манайх үйлдвэрлэлийн жижигхэн төвтэй. Дан хөгжлийн бэрхшээлтэй буюу оюун ухааны бэрхшээлтэй хүмүүс ажилладаг. Бид эсгий углааш, ноосон цамц, үзэг балны сав, хүүхдийн, эсгий тоглоом, бээлий, даавуун цамц, өмд зэрэг 10-аад нэр төрлийн бүтээгдэхүүн хийдэг” гэж танилцууллаа.




Тэрээр, “Манай ажилчид ажилдаа дуртай. Бид фейсбүүкт өөрсдийн пейж хуудас нээн захиалга авч бараагаа борлуулдаг. Захиалга их орж ирэх үед манай ажилчид хонож ажлаа хийх нь ч бий. Бид байр түрээсэлж ажлаа хийдэг. Бидэнд ажлын байр их хэрэгтэй байна. Бас ажилчдаа хүргэж өгөх унаа  тэрэг хүндрэлтэй  байдаг. Энэ бол зарим ажилчны маань хувьд чухал асуудал байдаг л даагэсэн юм. 

Үзэсгэлэн худалдаа энэ сарын 14 хүртэл үргэлжлэх бөгөөд нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн мэргэжилтнүүд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллах юм.




Ц.Мөнх-Уяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

Related news